Хөгжлийн банкны Хянан шалгах түр хороо яг одоо хуралдаж байна. Энэ удаагийн хуралдаанаар цаг үеийн асуудлыг хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх төлөвлөгөө яригдах юм байна. Энэ үеэр түр хорооны гишүүдийн зүгээс "Ц.Ууганбаярыг хамгаалалтад авсан уу" гэж асуухад Нийслэлийн Ерөнхий прокурорын Ерөнхий прокурор Ц.Ариунболд экс Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх асан Ц.Ариунбаатарыг эрүүл мэндийн шалтгааны улмаас гадуур шалгаж байна гэдгийг хэллээ.
Ташрамд дурдахад Ерөнхийлөгч асан Х.Баттулга Хөгжлийн банкны зээлтэй хоёр сэжмээр холбогддог.
Энэ нь нэгдүгээрт өөрийн зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Ууганбаярын “Нью Яармаг хаусинг прожект” ХХК нь “Төрийн орон сууцны корпораци” ТӨХК-ны хамтаар "Шинэ Яармаг" орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхээр 2015 оны тавдугаар сард Хөгжлийн банкнаас 142.4 тэрбум зээл авсан байдаг. Гэсэн ч зээлийн нийт үлдэгдэл нь 117.9 тэрбум төгрөг болж, шүүхийн хаалга татаад буй.
Хоёрдахь нь “Пирамид-Орд” ХХК нь 2018 онд “Буман залуус-296 айлын орон сууц” барихаар 15 тэрбум төгрөгийн зээл авсан.
Ингэхдээ зээлийнхээ барьцаанд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах МоАХ-ны нэр дээр бүртгэлтэй 9000 гаруй м.кв газрыг тавьсан юм. Тухайн үед МоАХ-ны ерөнхийлөгчөөр Х.Баттулга ажиллаж байсан бөгөөд эл асуудал нь 2022 оны эхээр сөхөгдсөн юм.
Энэ үед тэрбээр эл мэдээг эрс үгүйсгээд “Шалга” гэж том дуугарсан.
Түүний хүслээр болж АТГ-аас Х.Баттулга болон хэргийн холбогдогчоор түүний ойрын хүмүүсийг хамаатуулан шалгаж эхэлсэн юм. Хэрэг даамжирсаар Х.Баттулгын зөвлөх асан Ц.Ууганбаярыг хоёрдугаар сард баривчилж, 30 хоног цагдан хорьсон юм.