Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголбанкны хүлээн зөвшөөрсөн 20 тэрбумын үнэлгээтэй ЗООРЬ яагаад 5 тэрбумаар нэмэгдэж төрд ШАХАГДАХ шахав

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
6 минут 9 секунд

Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 124 тэрбум, "Эрдэнэт үйлдвэр"-ийн 45 тэрбум, "Эрдэнэс Тавантолгой"-н 53 тэрбум төгрөг гээд төр, түмний мөнгийг өгч чадахгүй луу унжиж яваа банк бол “Чингис хаан” банк. Энэ тоог ард түмэн санаанаасаа зохиож бичсэн юм биш. Харин Ч.Хүрэлбаатар гишүүнээс эхлээд Г.Ёндон сайд тэргүүтэй хүмүүс өөрийн амаараа хэлж баталгаажуулсан тоо. Дээр нь Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат Нийгмийн даатгал, ЭМД-ын сангийн 130.7 тэрбум төгрөгнийхөө оронд хоёр тэрбум 174 сая төгрөгийн барилга өгсөн гэж хачир нэмсэн. Энэ нь яг хаана байршилтэй, ямар барилга гэдэг нь тодорхойгүй.

Бас л ухаж, төнхөх сэдэв.

Үүнээс гадна 2018 онд 3.2 сая ам.доллар буюу зургаан тэрбум төгрөгийн өртэгтэй зоорийг төр өрөндөө 25 тэрбумаар авах яриа гарсан. НДЕГ-ын даргын хэлсэн энэ мэдээлэлтэй зэрэгцэж шахааны эзнийг хайж нэгнээ хардаж, сэрдэж эхэлсэн. Эрлийн учиг хөвөрсөөр хэд хэдэн сайд, дарга нарыг зааж буй.

Хамгийн эхэнд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан.

Учир нь тэрбээр Засгийн газрын 2021 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн хуралдаанаар зоорь худалдан авах асуудлыг оруулж, Монголбанкнаас 25 тэрбумыг гаргуулах ажлыг зөвшөөрсөн алхыг цохиулснаараа гол буруутан болж хувираад байна. Гэхдээ улстөрд шинэхэн хүн гээд хэлчихэд нэг их буруудахгүй түүнээс энэ хэмжээний зориг, зүрх гарах уу гэвэл бас л эргэлзээтэй.

Тиймээс эрлийн учгийг илүү сунгаж үзвэл, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын дарга Г.Занданшатар нарын зүг хөврөнө.

Гэхдээ эл асуудлыг түрдээ хойш тавиад дээрх 25 тэрбумын зоорь үнэндээ 20 тэрбум болтлоо ханш буурсан хачирхалтай мэдээг хүргэе. Энэ нь УИХ-ын гишүүн М.Оюунчимэг байнгын хорооны хуралдааны үеэр “Зургаан тэрбумын зоорийг 25 тэрбумаар худалдаж авах асуудлыг Монголбанк мэдээгүй өнгөрнө гэж байхгүй. Үнэ ханш нь яг хэд юм бэ. Бодит байдалтай нийцэж байгаа юм уу” гэж хатуухан асуусан.

Үүний хариуд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Чингис хаан банк энэ зоорийг зээлдэгчээсээ хурааж авсан.

Тус банк зоорийг хурааж авахдаа хөндлөнгийн үнэлгээ оруулахад 20 тэрбумаар үнэлсэн байсан.

Манай банкнаас очиж үзсэн, шалгасан. “Чингис хаан” банк худалдах эсэхээ шийднэ. Тухайн банк өөрийн хөрөнгөө хэдээр үнэлж, бичихээ хөндлөнгийн байгууллагаар шалгуулж үнэлүүлсэн гэсэн үг” гэж хариулсан. Эндээс үзвэл, хэд хэдэн эргэлзээтэй асуулт үлдэж байна.

  1. Зургаан тэрбумын үнэлгээтэй зоорийг 20 тэрбум гэж үнэлсэн үнэлгээний компани нь хэний, ямар компани вэ. 20 тэрбумын үнэлгээтэй гэдгийг хэзээ үйлдсэн ямар акт баримтаар батлах вэ?
  2. Төр өрнийхөө оронд авах гэж байгаа зүйлээ яагаад Үндэсний аудитын газраар үнэлүүлсэнгүй вэ?
  3. Зургаан тэрбумаас 25 тэрбум хүртэл нь өсгөж, эцэстээ 20 тэрбум болгож бууруулсан энэ тоглоомыг хэн найруулав?

Энэ мэт олон асуулт хүнсний ногоо хадгалах зориулалттай ганцхан зоорин дээр яригдаж байна. “Чингис хаан” банкны өр ингээд дуусахгүй. Цаана нь 200 гаруй тэрбум төгрөгийн өр бий. Үлдсэн өрөө энэ мэт хөөсрлөөр дарвал хэрхэн вэ.

Ингэж асуухтай зэрэгцэн тус банкны хувь эзэмшигч хэн хэн болох, тэдгээртэй одоогийн парламентаас хэн хэн нэр холбогдож буйг цухасхан танилцуулъя.

Дээр хэлсэнчлэн Сангийн сайд Б.Жавхлан болон УИХ-ын дарга Г.Занданшатар нарын нэрийг энд дурдахгүй өнгөрөх аргагүй.

Учир нь банкны 23 хувийг эзэмшдэг иргэн Ц.Баярсайханы нөхөр Б.Батхүү нь “Ану сервис”, “Мон дулаан трейд”, “FMX” компаниудын захирал, цаашлаад тус банкны нууц хувь эзэмшигч гэх бөгөөд МАН-ын бага хурлын гишүүн юм билээ. Энэ утгаараа УИХ-ын дарга Г.Занданшатарын ойрын хүн, дотнын найз гэх.

Түүгээр зогсохгүй Зайсанд тансаг зэрэглэлийн хаус хороолол барьж, МАН-ын томчуудыг оруулсан. Эдгээрээс гадна Канадын хөрөнгө оруулалттай “Стэп Голд” компанийн хувьцааг худалдан авсан. Энэ нь Дорнод аймагт Цагаан овооны алтны уурхайгаас алт олборлолт хийдэг гэх мэдээлэл бий.

Үүнээс гадна Сангийн сайд Б.Жавхлан нар тус банкнаас хувьцаа эзэмшдэг гэх мэдээлэл байдаг.

Яг таг гаргаад ирсэн баримт байхгүй ч улс төрд яваа үгс хоосон байдаггүй.

Юутай ч энэ бүхнээс харахад, зургаан тэрбумын үнэлгээтэй зоорийг 25 тэрбумаар төрд шахах гэж үзсэн ч "гэрэл цохиулсан" даруйдаа Монголбанкныхан үнэлгээг нь 5 тэрбум төгрөгөөр буулгаж орхив уу.

Тиймээс л энэ шоуны найруулагч нь хэн байв. Хэний санаа зорилгыг биелүүлэхээр хамаатан садан, найз нөхдөөрөө элбэж, төр, түмний хөрөнгөд гар дүрэхийг санаархав гэдэг асуултын хариулт удахгүй ил болох биз ээ. Энэ бол энгийн нэг шахаа биш. Ихээхэн том "гуялаж" хийсэн эрээ цээргүй шахаа байсан.

С.Амарсайхан захиалгат мэдээлэл түгээж буй этгээдүүдийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандана гэв
С.Амарсайхан захиалгат мэдээлэл түгээж буй этгээдүүдийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандана гэв
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.