Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Одонтуяа: АН-ынхан ч сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой гэсэн байр суурьтай байгаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 0 секунд

Улс төрийн намуудын төлөөллийн санаачлагаар "Улс төрийн тогтолцоо ба Үндсэн хууль" сэдвээр хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулж байна. Энэ үеэр сонгуулийн тогтолцоо, Үндсэн хуулийн асуудлын талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас тодрууллаа.

-Намуудын төлөөлөл сонгуулийн тогтолцоо, Үндсэн хуулийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Энэ хэлэлцүүлгээс ямар үр дүн хүлээж байна вэ?

-Өнөөдөр улстөрийн намууд дугуй ширээний ард сууж асуудлаа ярилцлаа. Монгол оронд тулгамдаж буй асуудал, улстөр, эдийн засгийн хямрал гээд нийгмийн бүх л асуудал сонгуулийн тогтолцоотой их холбоотой. Тэгэхээр Монгол Улсын хөгжлийн нэгдсэн эрх ашиг, хөгжлийн бодлогыг хэлэлцэхэд сонгуулийн тогтолцоо маш чухал. Улстөрийн намууд маш олон байгаа ч эрх барьж буй нь ганцхан байна. Улстөрийн намууд өсөж дэвжиж, төлөвших хэрэгтэй. Улс эх орныхоо төлөө эвсэж хамтарч зүтгэхэд сонгуулийн тогтолцоо садаа болж байна. Ялангуяа хүмүүсийн санал их гээгддэг. 40 хэдэн хувийн санал авчихаад л парламентын 80 хувийг эзлээд байгаад хүмүүс их бухимдалтай байдаг.

Мөн олон улсын нөхцөл байдал их өөр болж байна. Тэгэхээр Монгол Улс олон улсын байдалтайгаа уялдуулж, хүчтэй парламенттай байх ёстой. Парламентынхаа ардчиллыг нэмэгдүүлэх ёстой. УИХ нэгдсэн нэг тогтолцоотой, төсвийн нэгдсэн нэг бодлоготой байх нь хамгийн чухал. Эдийн засаг бол талхны ухаан. Мах, бензин гээд бидний хармаанаас 30, 40 хувийг хулгайлж байна. Тиймээс ингэж цаашаа явж болохгүй. Зарим улс орон хүнд байдалд байна. Тэгэхээр бид сургамж аваад парламентынхаа засаглалыг хүчтэй болгох хэрэгтэй. Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах бол яаралтай оруулах шаардлагатай.

-Багагүй хугацаа хэрэгтэй байх?

-Сонгуулийн хуулийг хэлэлцэхэд хугацаа орно. Жишээ нь, сонгууль болгоноор нэг тойрогт хэдэн тэрбум төгрөг зардагийг болиулах шаардлагатай. Монголчуудын санхүү нэг шүү дээ. Тиймээс сонгуулийн хуулийг замбараагүй, санал худалдаж авдаг, мөнгөтэй хүмүүс мөнгө тарааж сонгогддог байдлыг өөрчлөхийн тулд ажиллах ёстой.

-АН-ын бүлэг сонгуулийн тогтолцоог өөрчлөхөд ямар байр суурьтай байгаа вэ?

-Уг асуудлаар бүлэг албан ёсоор хуралдаад албан ёсны дүгнэлт гаргаагүй. Манай гишүүд өөр өөрсдийн байр суурьтай байгаа. Гэхдээ дийлэнх нь сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой гэсэн байх суурьтай байгаа.

-Ардын нам Үндсэн хуулийн өөрчлөлтийг өнгөрсөн жилээс хойш хийхийг хүссэн. Түүнийг нь ХҮН-аас Т.Доржханд, АН-аас С.Одонтуяа яриад эхэллээ гэж шүүмжилж байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Энэ тогтолцоо зөв юм гэдгийг би өөрийн өөртөө тодорхойлчихсон. "Манай намын дийлэнх нь холимог тогтолцоо чухал шүү дээ. Тогтолцоо сольсноор манай намд хамгийн их хохирол учруулсан" гэдгийг бүгд ярьдаг. Би өөрийнхөө үзэл баримтлалынхаа замаар л явж байна. Хүмүүс янз бүрээр л ярьдаг юм. Би холимог тогтолцоо маш чухал гэдгийг мэдсэн учраас ярьж байна. Би намаа эвлэрүүлэхийн төлөө хоёр жил явсан ч эвлэрэхгүй байна. Тиймээс үлдсэн хугацаагаа сонгуулийн тогтолцоо өөрчлөхөд зарцуулж байна.

ФОТО: Чингэлтэй дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт байрлах барилгын талбайн хашаа нуржээ
ФОТО: Чингэлтэй дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт байрлах барилгын талбайн хашаа нуржээ
 
ШУУД: УИХ-ын сонгуулийн “Саналын хуудас”-ны асуудлаар улс төрийн намын төлөөллүүд мэдээлэл хийж байна
ШУУД: УИХ-ын сонгуулийн “Саналын хуудас”-ны асуудлаар улс төрийн намын төлөөллүүд мэдээлэл хийж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.