Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ПРОКУРОРУУД: Дөрөв алхахгүй бүдрэх байсан ч ДӨРВӨН гишүүний хэргийг ТАВИХГҮЙ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
4 минут 27 секунд

Монголын прокурор уг нь хүчтэй. Хүчтэй шиг ээ ам чангатай, бас зарчимч. Ам чанга гэдгээ тэрүүхэн тэндээ хөөрхөн тайлбарладаг. Хуулиа дээдлэнэ, хууль сахиулна гэж. Харамсалтай нь, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийг шалгаж, яллаад хэргийг нь шүүх рүү дайх гэхээр өнөөх хууль гэгч нь прокуроруудад дөнгө болох нь бий.

Үүнийгээ ч тэд мэднэ.

Өнгөрснийг нэхэн сануулбэл, УЕП асан М.Энх-Амгалан ЖДҮХС-аас зээл авсан нэр бүхий таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулсныхаа шанд албан тушаалаасаа бууж байлаа. Ингээд үүрэгт ажлыг нь “ясны” прокурор гэгддэг Б.Жаргалсайхан залгамжилсан.

Нэг хэсэг лагшин чилээрхсэн гэдгээр ЖДҮ-гийн хэргээс зайлсхийснийхээ хүчинд овоо хэдэн жил албан тушаалаа хамгаалж чадсан. Гэвч “Тэснэ тэснэ гэхэд...” гэдэг Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг нэг л өглөө УИХ-д оруулж ирсэн.

Эндээс л Монголын прокурорууд дөнгөтэй юу, эс бөгөөс ... гэдэг асуултыг хариулт бага ч гэсэн тайлагдах болов уу.

Нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал орж ирэнгүүт УИХ хаалттай хуралдаж хоржоонтой нэгэн шийдвэрт санал нэгдсэн. Энэ нь “Гишүүдийг шалгаж болно. Гэхдээ бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй” гэж.

Энэ талаар зарим прокурор “УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шалгах боломж тун бага.

Учир нь хэргийг нь шалгаад яллах дүгнэлт үйлдлээ гэхэд УИХ-ын гишүүд яллах тогтоолтойгоо ирж танилцдаггүй. Тогтоолтой танилцахгүй олон сар, жил зугтаасан улстөрч 2016-2020 оны парламентад хэд хэд байсан. Гэтэл үүнийг нь мэдсээр байж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүйгээр шалга гэж буй нь дээрх кэйс давтагдана

Тиймээс УЕП-т дөрвөн гишүүний асуудлыг дахин УИХ-аар оруулах.

Эс бөгөөс мөрдөлийн тактикаа өөрчлөх гэсэн хоёрхон зам байна. Нэг үгээр хэлбэл, улстөрчид эдгээр дөрвөн гишүүнд холбогдох хэргийг замхруулах гэж үзэж байна. Гэхдээ прокурорууд тавихгүйг хичээнэ” гэж хэлсэн. Яг эндээс л, үе үеийн парламентын гишүүд бүрэн эрх гэсэн малгайн дор хуулиас зугтаж, хуулийг уландаа гишгэлж ирснийг харах биз ээ.

Тэгвэл тун удахгүй УЕП Б.Жаргалсайхан прокурор хүний эр зоригийг дахин гаргах бололтой.

Өөрөөр хэлбэл, нэр бүхий дөрвөн гишүүний асуудлыг дахин оруулж ирнэ. Ингэхдээ Ц.Анандбазарыг “сугандаа” хавчуулж, Х.Баттулгын хэргээр “малгай” хийнэ гэх мэдээлэл. Үүнээс гадна УИХ-аас дахин хамгаалалт хийвэл, нэр бүхий гишүүдийн хэргийг шууд шүүхийн босго давуулна гэх.

Гэхдээ энэ нь баттай биш.

Учир нь эх сурвалжийн мэдээллээр гишүүд байцаалтаа өгч дуусаагүй. Хэргийг боож амжаагүй гэдгийг хэлсэн. Ямартай ч дээрхийн аль нэг нь үнэн бол Б.Жаргалсайхан прокурорт дахин нэг удаа баяр хүргэж, алга ташъя. Учир нь, түүний хувьд тэтгэвэртээ суух нас нь ирж буй.

Энэ ч утгаараа дээрх хэргээр прокурорын эцсийн нүүдлээ хийх гэж байхыг үгүйсгэхгүй.

Нөгөө талаас, гишүүдийн асуудлыг оруулж ирснээрээ өөр дээрээ гал дуудсан гэхэд болно. Тиймдээ ч түүнийг явуулах акц Төрийн ордонд өрнөсөн гэх шуум мөн цацагдаад буй.

Юутай ч Төрийн ордон хийгээд прокуроруудын дунд гал авалцсан үйл явдал энэ долоо хоногт өрнөх бололтой. Тэр дундаа галын дөлөнд хэн өртөж, хэн галаас зугтаж чадах бол нэн сонин.

Г.Нацаг-Эрдэнэ

ГХЯ: Эрээний чингэлэг тээвэр ХЭВИЙН явагдаж байна
ГХЯ: Эрээний чингэлэг тээвэр ХЭВИЙН явагдаж байна
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.