ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" Хөгжлийн банканд 100 тэрбум гаруй төгрөгийн өртэй байсан. Гэвч өрөө төлөхгүй чанаргүй зээлдэгчдийн ангилалд орж, улмаар тус үйлдвэрийг төр өөрийн мэдэлд шилжүүлсэн. Улмаар уг асуудлуудтай холбоотойгоор АТГ-т шалгагдаж байсан Д.Эрдэнэбилэгийг нэг сар цагдан хорих шийдвэр гарч, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм.
Харин түүнийг саатуулагдсаны маргааш буюу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-нд ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд албан бичиг илгээсэн байдаг.
Албан бичигтээ "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХК-ийн Уул уурхайн, металлургийн цогцолбор барин төсөл зогсонго байдалд орсон тухай мэдээллийг банканд ирүүлсэн бөгөөд үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан тус банкнаас авсан зээлийн төлбөрийг хэрхэн төлж барагдуулах талаар уулзахад Монгол Улсын Хөгжлийн банканд үүсээд буй 192.6 тэрбум төгрөгийн өр төлбөрийг ойрын хугацаанд төлж барагдуулах асуудал дээр манай банкны дэмжлэгийг хүсэж, тус банк болон ТӨБЗГ-тай хамтарч ажиллах саналыг ирүүлсэн. Манай банк хамтрах бүрэн боломжтой" гэсэн юм.
Тэгвэл уг асуудлын хэрхэн шийдвэрлэж буй талаар Сангийн сайд Б.Жавхлангаас тодруулахад тэрбээр "Энэ талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ярилцсан. Ажлын хэсгээ байгуулж байгаад нэг ширээний ард сууж, тэндээс ямар боломж байгаа эсэх, хуулийн хүрээнд хүлээн зөвшөөрөх боломж байна уу, үгүй юу гэдгийг судална" гэлээ.