Япон Улс гадаадын 164 улсын иргэдэд тавиад байсан хилийн хязгаарлалтаа сулруулж, аялал жуулчлалын зорилгоос бусад зорилгоор тус улс руу зорчих гадаадын 106 улсын иргэдийг хүлээн авч эхэлснээ мэдэгджээ. Уг 106 улсад Монгол Улс багтсаныг Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээллээ.
Тус улсын хилээр нэвтэрсэн гадаадын иргэдээс хилийн боомтод коронавируст халдвар /Ковид-19/ илрүүлэх шинжилгээ авах бөгөөд гадаадын иргэдийн хамрагдсан коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг дархлаажуулалтын вакцины төрлөөс хамаарч дараах байдлаар тусгаарлалтыг хэрэгжүүлнэ. Үүнд:
•“Pfizer”, “AstraZeneca”, “Moderna”, “Janssen” төрлийн вакцины 3 удаагийн тунд хамрагдсан гадаадын иргэний хилийн боомтод өгсөн коронавируст халдвар /Ковид-19/ илрүүлэх шинжилгээний хариу “сөрөг” гарсан тохиолдолд тусгаарлахгүй.
•“Pfizer”, “AstraZeneca”, “Moderna”, “Janssen” төрлийн вакцины 3 удаагийн тунд хамрагдаагүй болон хилийн боомтод өгсөн коронавируст халдвар /Ковид-19/ илрүүлэх шинжилгээний хариу “эерэг” гарсан тохиолдолд 7 хоногийн тусгаарлалтад хамрагдах бөгөөд тусгаарлалтын зардлыг гадаадын иргэн өөрөө хариуцна. Тусгаарлалтын 3 дахь өдөр гадаадын иргэн өөрийн хүсэлтээр дахин шинжилгээ өгөх боломжтой бөгөөд шинжилгээний хариу “сөрөг” гарсан тохиолдолд тусгаарлалтыг дуусгавар болгох боломжтой юм байна.