Монгол болон Австралийн улсын Засгийн газар хооронд ажиллах болон амрах визийн хөтөлбөрийн талаар харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан. Ингэснээр Монгол Улсын 100 иргэн Австрали Улсад ажиллах болон амрах визээр нэг жилийн хугацаанд ажиллах амьдрах боломжтой болж буй юм. Виз хүсэгч Монгол Улсын иргэн нь:
-Виз мэдүүлэх үедээ 18-30 настай байх,
-Асран хамгаалалтад нь байдаг хүүхэд цуг зорчихгүй байх,
-Австрали Улсын нутаг дэвсгэрт ажиллах болон амрах үедээ хувийн хэрэгцээндээ зарцуулах санхүүгийн хангалттай эх үүсвэртэй байх,
-Австрали Улсын хуульд заасан эрүүл мэнд болон зан төлөвийн шаардлагыг хангасан байх,
-Австрали Улсын ажиллах болон амрах эсхүл амралтаараа ажиллах хөтөлбөрт урьд өмнө нь хамрагдаагүй байх,
-Дээд боловсролтой эсхүл их, дээд сургуульд 2 ба түүнээс дээш жил суралцсан байх,
-Хэрэглээний түвшний англи хэлтэй байх зэрэг шаардлагыг хангасан байна.
Шаардлагыг хангасан иргэд тус улсад оршин суухдаа:
-Визийн нөхцөлд тохирсон ажил хөдөлмөр эрхлэх,
-4 сар хүртэлх хугацаагаар суралцах,
-Визийн хүчинтэй хугацаанд Австралид олон удаа зорчих эрхтэй болно
Ажиллах болон амрах визийг энэ оны долдугаар сарын 1-ний өдрөөс олгож эхэлнэ.