Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дарга “НЭМЭХ“-ийн өмнө...

Ангилал
Улс төр
Хэзээ
Унших
7 минут 18 секунд
Гэрэл зургийг mpa.mn /Edited by UBN.mn/

Ардчилсан нам 2024 оны сонгуульд бүтэн орохгүй нь ойлгомжтой болов. Тэдний эвлэж нэгдэх, өрсөлдөгчийн хэмжээнд очихыг МАН-ынхан хүлээн зөвшөөрөхгүй болохоо Х.Баттулгын тавьж буй “жүжиг”-ийг тарааж харууллаа.

Тодруулбал, С.Эрдэнийн гаргасан намын үндсэн дүрмийн өөрчлөлтийг УДШ бүртгэж авав. Яаж ч эрүүлээр харахыг хүссэн энэ бол МАН-ын шидсэн “чулуу”. Өөрөөр хэлбэл, Х.Баттулгын хийж буй намаа авах процессыг барианы өмнө таслан зогсоож буй үйлдэл юм. Одоо С.Эрдэнэ Ардчилсан намын хууль ёсны даргыг тодруулж, тамгаа дарна. Х.Баттулга сунгаагаа хийж Ж.Батсуурийгаа “хэвтүүлсэн” ч түүнд тамга дарж өгөхгүй. Ер нь Ардчилсан намын хууль ёсны эрх эхнээсээ л С.Эрдэнэд байсан. Ардын намынхан л будлиулаад байснаас биш. Тиймээс л 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд С.Эрдэнэ өөрийгөө дэвшүүлж байв. Үүний ч гэсэн улс төрийн хүрээнийхэн “Ардын намынхан л захиалсан” гэлцдэг. Мөн С.Эрдэнийн талынхан УДШ-ийн ерөнхий шүүгч Д.Ганзоригт холбогдох хоёр гомдлыг ҮХЦ-д гаргасан. Эхний гомдол нь Ардчилсан намтай холбоотой Шүүхийн сахилгын хороонд гаргасан гомдолд Д.Ганзориг төлөөлөгч томилохдоо Захирганы хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийг томилсон. Өөрөөр хэлбэл, Шүүхийн сахилгын хороо хэрвээ АН-ын эсрэг шийдвэр гаргавал тэд уг шийдвэр дээр нь гомдож, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргах учиртай. Гэвч Д.Ганзоригийн ШСХ-руу явуулсан төлөөлөгч Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч учраас ашиг сонирхлын зөрчил гарна гэж үзсэн тул Цэцэд гомдол гаргав. Хоёр шалтгаан нь Д.Ганзориг ҮХЦ-ийн гишүүнд УДШ-ээс гишүүд санал болгохдоо процедурын алдаа гаргасан хэмээн гомдсон юм. Харин уг гомдлуудыг ҮХЦ хэлэлцээд өнгөрсөн долоо хоногт Д.Ганзоригийг Үндсэн хууль зөрчөөгүй гэж шийдвэрлэв. Уг шийдвэрийн цаана л хамаг тохироо хөвөрч байв.

Өнөөдрийн хамгийн чухал асуулт бол Х.Баттулгын улс төрийг Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй МАН-ынхан яагаад нураав гэдэг юм. Шороо болтлоо 21 аймгийг тойроод, бараг бариандаа орох гэж байхад нь түлхэж унагасан нь ийм учиртай.

Х.Баттулга ялсан бол ЮУ БОЛОХ байсан бэ

Х.Баттулга зохион байгуулсан сунгааныхаа төгсгөлд хоёр хувилбараас нэгийг нь сонгоно. Эхнийх нь Ж.Батсуурийг ялуулж, аваргыг давсан аварга мэтээр цоллуулах. Яагаад гэвэл Х.Баттулгыг ялсан тохиолдолд амин найзууд нь хэзээ ч далбаа дор орж зогсохгүй. Тиймээс өөрийгөө Ж.Батсууриар өнгөлөн далдлах арга юм. Хоёр дахь хувилбар нь өөрөө ялах. Бүрэн эрх олж авах уу, бүх асуудлаа ухуулаад “аавынд” очих уу дээрээ тулж яваа түүнд энэ бол хорогдох сүүлчийн “цайз”.

Тиймээс бүх “бооцоогоо” тамгатай ч бай, тамгагүй ч бай хамаагүй ямар нэгэн АН-ын дарга болох сонголтыг тэр хийнэ. Тэр хоёр дахь замыг сонговол Ж.Батсуурь бол “үдийн будаа”. Угаасаа захиалж авсан түүнийг хүссэн газраа “хэвтүүлнэ”. Ядаж байхад Ардчилсан намын дотоод сунгааг Х.Баттулгын талынхан зохион байгуулж байгаа. Сонгуулиар бараг мэргэшсэн Б.Пүрэвдаваа тэргүүтэй нөхдүүд дотоод сонгуулийг нь удирдаж буй. Нийслэлийн АН-ын дарга Б.Пүрэвдаваа бол 9 дүүргийнхээ саналыг хага базна. Дээр нь МоАХ гэх Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн хамгийн том “арми” Х.Баттулгын талд ажиллана. Өөрөөр хэлбэл, Х.Баттулга хүсэх л юм бол сунгаанд ялах шиг амархан зүйл энэ дэлхий дээр байхгүй.

Ийнхүү тэр ялчихвал МАН-ын хувьд утгаараа “шүдний өвчин” болно. Эрх баригчид үүнийг мэдэхийн дээдээр мэдэж буй тул хоёр жил хооронд нь зодолдуулсан ажлаа эцэслэж, С.Эрдэнийн хууль ёсны эрхийг баталгаажуулсан юм. Хэрвээ Х.Баттулга намын дарга болчихвол дундыг баримталж, хэнийг дагахаа мэдэхгүй эргэлзэж явсан АН-ын зарим нөхдүүд түүнийг “налж” эхэлнэ. Энэ цаг үед жинхэнээсээ сөрөг хүчин амилж, өдөр өнжихгүй жагсаал цуглаан зохион байгуулж, эрх баригчдыг шар махтай нь хатаах ажиллагаагаа эхлүүлнэ. Х.Баттулга АН-ын даргын дүрээр гарч ирээд шүгэл үлээхэд талбайг хоёр лав өлхөн дүүргэх хэмжээний массын дэмжлэгтэй улстөрч.Тиймээс Ардын намынхан Х.Баттулгыг биш С.Эрдэнэ сонгож байгаа юм.

Үнийн өсөлт, эдийн засгийн хямралаас болоод нийгэм тэсрэхэд бэлэн байна. Энэ уур амьсгалыг Х.Баттулгаас өөр төгс мэдрэх хүн үгүй. Үүнийг ашиглаж улс төрийн тохироо гүйлгэж өөрийгөө намын дарга хэмээн нотлуулж ч мэдэх сүйхээтэй эр. Хэрэв ингэж чадвал эрх баригчидтай арсалдаж байгаад эв нь таарвал дараагийн сонгуулиар эрх баригч, Ерөнхий сайдын дүрээр Монголын улс төрд эргээд ирэхийг зорих байх. Үгүй дээ, гэхэд ядаж 20 гишүүнтэй аймаар хүчтэй сөрөг хүчнийг төрийн ордонд оруулаад ирнэ. 2020 оны сонгуулиар гэхэд л АН-ын 11 гишүүний 9-ийг нь өөрийн талаас оруулж, бусдыг нь унагаж С.Эрдэнээг “шороо үмхүүлсэн” түүхтэй. С.Эрдэнээ ч үүнийг хүлээн зөвшөөрч сонгуулийн маргааш нь “Ардчилсан намаас сонгогдсон Ерөнхийлөгчтэй ойлголцоогүй тул ялагдлаа” гэх үгээ хэлж байв. Ер нь Женкогийн баг сонгуулийн технологиороо алдартай. Тэдэнд хар нь ч бий, цагаан нь ч бий.

Хэрвээ тэр сунгаанд ялсан бол ирээдүйн улс төрийн карьеер нь ийм байдлаар өрнөж, С.Эрдэнээс илүүтэй Ардын нам айхтар том хохирол амсахаар байлаа. Тиймээс жил тойрон шийдэгдээгүй явсан Ардчилсан намын асуудал УДШ дээр өчигдөр алга урвуулахын төдийд шийдэгдсэн юм. Гэхдээ “могой гурав тасравч гүрвэлийн дайтай” гэгчээр Х.Баттулга улс төрийн өөр нэг “хөзөр” гаргаж ирж л таараа. Тэр үед нь юу болохыг эргээд нэг өгүүлье. Өнөөдөртөө ямар ч байсан Ардын намынхан зөвлөхийнхөө нүүрэнд амжилттай нус “наалаа”.

Гоц авьяастан Б.Ерөөлт: “Аяыг таа” нэвтрүүлэгт орох гэж жил бэлдсэн
 
Гэрээт байгууллагын такси зам хаасан ч иргэдэд үйлчилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.