Төрийн ордонд өнөөдөр Хөгжлийн банкны асуудлаар нээлттэй сонсгол хийж байна. Нээлттэй сонсголын үеэр зарим холбогдох удирдах албан тушаалтнууд ирээгүйд УИХ-ын гишүүд шүүмжлэлтэй байгаагаа илэрхийлсэн. УИХ-ын гишүүдийн санлын дагуу эдгээр удирдах албан тушаалтнуудыг "дуудуулах" арга хэмжээг авахаар боллоо.
Тодруулбал, Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд, Авилгатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа, Аудитын ерөнхий газрын ерөнхий аудитор Д.Занданбат, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нарыг сонсголд оролцуулахаар боллоо.
Хяналт шалгалтын тухай хуульд зааснаар сонсголд оролцох үүрэг хүлээсэн төрийн албан хаагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сонсголд оролцох, тайлбар өгөхөөс татгалзсан тохиолдолд хууль дүрмийг зөрчсөн гэж үзнэ гэдгийг нээлттэй сонсголыг ахалж буй УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хэллээ.