Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэн хүнд нөхцөлд амьдарч байгаа өрхүүдэд шахмал түлш олгоно

Ангилал
Нийгэм
Хэзээ
Унших
2 минут 25 секунд

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2021.12.27/ боллоо. Энэ үеэр сайжруулсан түлшний хэрэглээ ямар байсан талаар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн "Арванхоёрдугаар сарын 27-ны байдлаар нийслэлд сайжруулсан шахмал түлш борлуулах 607 цэг ажиллаж байна. Борлуулалтын хэмжээ өдөрт 3800 тонноос буухгүй байна. Шахмал түлшний нөөц 24.035 тонн байна. Он дуустал энэхүү нөөцөөс борлуулалт хийхгүйгээр үйлдвэрлэлээс шууд нийлүүлэх боломж байна. Борлуулалтын цэгүүдэд түлшний нийлүүлэлтийг жигд байлгах үүднээс түлшийг өглөө, үдээс хойш гэсэн хуваариар нийлүүлж зохицуулсан.

Түүхий нүүрсний хэрэглээ их байна гэсэн гомдол олон ирсэн. Тиймээс 102 тусгай дугаарт түүхий нүүрс хэрэглэж буй айл өрхийн тухай болон түүхий нүүрс түлдэг аж ахуйн нэгжүүд шүүлтүүрээ унтрааж байгаа, зориулалтын бус түлш хэрэглэж байгаа тухай мэдээллүүдийг хүлээн авдаг болсон.

Нийслэлийн хэмжээнд түүхий нүүрс хэрэглэдэг нам даралтын 2700 гаруй зуух байна. Эдгээрийн нүүрсний хэрэглээг аажмаар бууруулах ажлыг хийж байна" гэлээ.

Сүүлийн өдрүүдэд агаарын чанар сайнгүй байгаа нь стандартын зуухны тоо буцаад цөөрч байгаатай холбон тайлбарлаж байлаа. Тиймээс дутуу шаталт явагдаж, агаарт бохирдуулагч бодисууд үүсэж байгаа аж. Түүнчлэн Хотын даргын зүгээс орлого багатай иргэд, айл өрхүүд дугуй, хаймар болон хог шатааж байх магадлалтайг сануулаад, тэдгээр өрхөд өгч буй иргэдийн түлшний тусламжийн талаар тодруулсан юм. Нийслэлийн Нийгмийн халамжийн газраас "2022 оны нэгдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд 6000 гаруй өрхөд 5500 тонн сайжруулсан шахмал түлшийг түгээхээр төлөвлөн ажиллаж байна. Нэн ядуу, бага орлоготой, амьжиргааны 409 онооноос доош орлоготой өрхийн тоо 73 мянган өрх бий. Тэдгээрээс нэн хүнд нөхцөлд амьдарч байгаа 6000 гаруй өрх айлд түлшний тусламж өгнө" гэлээ.

“Энэ сард ковид-19 илрүүлэх тандалт шинжилгээг 27 мянган хүнд хийсэн“
 
Маргааш Улаанбаатарт 25 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.