Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энгийн амьдралдаа шилжиж, эрх чөлөөтэй амьдрах эсэх нь БИДНЭЭС шалтгаална

Ангилал
COVID-19
Огноо
Унших
5 минут 42 секунд

Дуртай үедээ дэлгүүр хэсэж, тоглолт үзэж, найз нөхөдтэйгөө уулзаж тэр байтугай зүгээр л гадаа гудамжинд амны хаалт зүүхгүйгээр алхаж явах ч ямар том эрх чөлөө вэ гэдгийг сүүлийн хоёр жилийн хугацаа бидэнд мэдрүүлж байна. ААН байгууллагууд нь цагийн хязгаарлалт, тодорхой дэглэм журам дор илүү их үүрэг хариуцлага хүлээх болж, зарим нь эдийн засгийн хүндхэн нөхцөл байдлаас шалтгаалж үүдээ хаасныг ч бид нүдээр үзсэн. Чухамдаа, чи, би, бид бүгд нэг өдрийн өмнө ч болтугай эрх чөлөө, энгийн амьдралдаа шилжих хүслээ ил ч нэг хэлж, далд ч нэг бодож явсаар.

Вакцин бол "найдвар"

Дэлхий нийтэд коронавируст халдварын шинэ мутаци бүртгэгдлээ. УОК хуралдах төдийд л дотооддоо сандралдаж, ямар шийдвэр гаргах бол гэдэгт чих тавин хүлээж суув. Азаар хөл хорьсонгүй. Харин вакцин бидэнд найдлага байгааг сануулж, хилийн хяналтаа чангатгав. Гэсэн хэдий ч омикрон хувилбарт анхаарлаа хандуулан ажиглаж байна. Омикроны халдвараас сэргийлэх чиглэлээр судалгааны үр дүнгүүд эхнээсээ гарч эхэлсэн талаар УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр мэдээлсэн.

Тухайлбал, Окспордын их сургуулийн судалгааны багаас вакцин гурав дахь тунг нэмэлтээр хийх нь дархлааны Т эсийн идэвхжлийг нэмэгдүүлж, улмаар дархлааны хариу урвалыг эрчимжүүлж байгаа нь омикроны эсрэг бүүстер тун үр дүнтэй байхыг нотолж байна. Тэгвэл омикрон хувилбараас өөрийгөө болон хайртай дотнын хүмүүсээ хамгаалахад нэмэлт тун чухал болж таарав.

"Шар" түвшинд шилжих эсэх нь биднээс шалтгаална

Засгийн газрын улсын хэмжээнд тогтоосон Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн “Улбар шар” түвшинд шилжсэн хугацааг энэ оны 12 дугаар сарын 31-нийг дуустал сунгасан. Гэхдээ үүнээс өмнө вакцины гуравдугаар тунгийн хамралт 50 хувьд хүрвэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг "шар" түвшин рүү бууруулж, энгийн амьдралдаа шилжихэд нэг алхам ойртох учиртай. Гэвч өнөөдрийн байдлаар нэмэлт тунгийн дархлаажуулалт 22 хувьтай үргэлжилж байна. Бид энгийн амьдралдаа шилжмээр байна гэх үгийг өнгөрсөн хугацаанд мянгантаа унагасан. Эцэг, эхчүүд цахим сургалтын үр дүнгүйг гайхаж, танхимын сургалтаа дагнахыг шаардсаар байна.

Гэвч дархлаажуулалтын энэ чигээрээ муу байдалд бид санал хүсэлтээ мянгантаа илэрхийлсэн ч энгийн амьдралдаа шилжих боломжгүй. Тиймээс энгийн амьдралдаа шилжих эсэх нь төр засгаас биш иргэд та биднээс шалтгаалах болоод байна.

Нөгөөтээгүүр, дотоодод ямар ч халдвар бүртгэгдэхгүй байх нөхцөл байдлыг гартаа барьж суугаа нь УОК, ЗГ уу. Чухамдаа, халдвараас өөрийгөө болон бусдыг хамгаалах, эдийн засаг нийгмийн амьдралаа тэнцвэртэй болгож шар түвшинд шилжих түлхүүрийг иргэд бид өөрсдөө атгаж байна.

Гэтэл УОК, ЗГ нь хүртэл нэмэлт тунгийн дархлаажуулалт 50 хувьд хүрвэл шар түвшинд шилжиж, танхимын сургалтыг хүртэл бүрэн хичээллүүлэх "амлалт" өгчихөөд байхад иргэдийн идэвх, хандлага сул хэвээр. Товчхондоо, өнөөдөр ярьж болох асуудлыг маргааш хэмээн хойшлуулах нөхцөл байдал нь иргэдээс шууд хамааралтай болж байна.

Яагаад заавал нэмэлт тун гэж?

Бид вакцины үр нөлөөг дан ганц нас баралт, хүндрэлээс хамгаална хэмээн харж болохгүй. Та санаж байгаа бол халдварын оргил үед манай улсад өдөрт бүртгэгдэх халдварын тоо дөрвөн оронтой тоон дээр тогтож, амиа алдах иргэдийн тоо ч буурахгүй байв. Харин өнөөдөр нэмэлт тунгийн үр дүн ямар байгааг бодитоор харах боломжтой байна.

Тодруулбал,

  • Манай улсын хувьд 9,10 дугаар сартай харьцуулахад тохиолдлын тоо 70 орчим хувиар буурчээ
  • Нас баралтын тоо халдварын оргил үеийн дундажтай харьцуулахад 4.5 дахин буурсан
  • Вакцинд хамрагдаагүй байгаа жирэмсэн эхчүүд болон 12-оос доош насны хүүхдийн өвчлөл 2-3 дахин буурсан

Үүнээс харахад, гуравдугаар тунгийн хамрагдалт нэмэгдсэнээр шууд бусаар вакцинд хамрагдаагүй байгаа 12-оос доош насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөл буурахад нөлөөлсөн байна. Бид халдварын тохиолдол эрчимтэй буурч буй энэ үед л халдвараа хумих арга хэмжээг идэвхтэй авах хэрэгтэй. Иймд өмнөх вакцины тань үр нөлөө буурахаас урьтаад нэмэлт тунгаа хийлгэх нь өөрийгөө ч бусдыг ч халдвараас хамгаалж буй хэрэг юм.

Маскгүй алхаж, өдөр бүр хичээлдээ явж, халдвар гэгчид санаа зовинодог баймааргүй байна. Ингээд л бодвол энгийн амьдралаа "санаж" байна.

Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамаарах эрх зүйн орчинд олон шинэчлэл хийж байна
Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамаарах эрх зүйн орчинд олон шинэчлэл хийж байна
 
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.