Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 70 гаруй хувьтай байгаа бол III тунд 300 мянга гаруй хүн хамрагдаад байна. Энэ нь нийслэлийн хүн амын 28 хувийг эзлэж байна. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар нийт хүн амын 50 болон түүнээс дээш хувь нь III тунд хамрагдчихвал халдварын тохиолдол буурч, энгийн амьдралд шилжих боломж бүрдэх юм.
Өнгөрсөн долоо хоногоос дархлаа сэргээх нэмэлт III тунд оюутан залуус, иргэдийг идэвхтэй хамрагдуулах зорилгоор их дээд сургуулиуд, томоохон худалдааны төвүүдэд дархлаажуулалтын түр цэг ажиллаж эхэлсэн. Одоогоор МУБИС, АШУҮИС, ХААИС, ШУТИС-уудад вакцинжуулалтын цэг ажиллаж байгаа юм.
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Халдвартын эмч Н.Бадамханд: " ШУТИС гэхэд 20 мянга гаруй оюутантай. Тус сургуульд дархлаажуулалтын хоёр цэг гурав хоногийн турш ажиллах юм. Оюутнуудын хувьд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж байна" гэлээ
Мөн АШУҮИС-ийн хувьд дархлаажуулалтын нэмэлт тун хийх ажлыг тус сургуулийн Оюутны хөгжлийн клуб хариуцан ажиллаж байна.