Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилгын ажил эхлүүлээд буй 32 тэрбум төгрөгийн төсөвт "Богд Зонхова" хөшөөт цогцолборыг тойрсон асуудалд олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Энэхүү хөшөөг барих санал анх хэзээ, хэнээс гарсан болоод өнөөдрийг хүртэл болж өнгөрсөн үйл явдлыг он цагийн дарааллын дагуу тоймлон хүргэж байна.
2020 он: УИХ-ын гурван гишүүн хөшөө барих санал гаргав
2021 оны улсын төсвийг 2020 оны намар хэлэлцэх үеэр УИХ-ын нэр бүхий гурван гишүүн "Богд Зонхова" хөшөөг барих санал гаргав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Ц.Анандбазар, Ц.Цэрэнпунцаг нарын гурван гишүүн 2021 оны улсын төсөвт 5.5 тэрбумын хөрөнгө оруулалтаар тус хөшөөг барих санал гаргажээ.
2021 оны нэгдүгээр сарын 20: Хөшөөг барих тогтоолын төслийг Засгийн газар батлан, Ерөнхий сайд огцров
Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх 5.5 тэрбумын хөрөнгө оруулалтаар Богд Зонхова хөшөө барих хуулийн төслийг батлав. Хуулийн төслийг 2021 оны нэгдүгээр сарын 20-нд баталсан ба 2021 оны нэгдүгээр сарын 21-нд буюу маргааш нь коронавируст цар тахлын үед Засгийн газар, түүний удирдлагын дунд болон анхан шатны албан тушаалтнууд хангалтгүй ажилласан гэх шалтгаанаар огцорсон байдаг.
2021 оны есдүгээр сарын 10: Барилга хөгжлийн төв 27 тэрбум төгрөгөөр төсөвт өртгийг өсгөв
2021 оны есдүгээр сарын 10-ны өдөр Барилга хот байгуулалтын яамны харьяа Барилга хөгжлийн төвөөс магадлал хийн барилгын материалын үнэ өссөн болон барилгын хэмжээ томорсон гэх үндэслэлээр хөрөнгө оруулалтын дүнг 27 тэрбум орчим төгрөгөөр өсгөн баталжээ.
2021 оны арваннэгдүгээр сарын 20: Хөшөөт цогцолборын мэдээлэл олон нийтэд хүрэв
Энэ оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр isee.mn сайт дээрх мэдээллийг олон нийтэд ил болгов.
2021 оны арваннэгдүгээр сарын 21 10.26: Чингэлтэй дүүргээс сонгогдсон гишүүд энэ талаар мэдээгүй гэдгээ илэрхийлэв
2021 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 10.26 цагт Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар 32 тэрбумаар барих хөшөөний талаар мэдээгүй гэдгээ илэрхийлэв. Түүний араас мөн тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн М.Оюунчимэг ижил тайлбар хийв.
2021 оны арваннэгдүгээр сарын 21 11.45: Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар мэдэгдэл хийв
2021 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 11.45 цагт Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар "У.Хүрэлсүхийн Засгийн газар төсөв өргөхөд Богд Зонхова огт байгаагүй, УИХ дээр гурван гишүүний саналаар нэмэгдсэн, Төсвийн байнгын хороо өртөг нэмээгүй хэмээн мэдэгдэв.
2021 оны арваннэгдүгээр сарын 21 18.17: ЭМ-ийн сайд гэнэт дуугарав
2021 оны долдугаар сараас эхлэн боловсруулсан ирэх оны улсын төсвийг энэ оны есдүгээр сарын 30-нд Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Энэ хугацаанд дээрх хөшөөний талаар ямар ч байр суурь илэрхийлээгүй атлаа Богд Зонхова хөшөөний талаар олон нийт шүүмжилж эхэлмэгц Эрүүл мэндийн сайд С.Энхболд дээрх үйл явдлыг шүүмжилж байр суурь илэрхийлсэн нь Засгийн газрын кабинетийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл болов.
2021 оны арваннэгдүгээр сарын 22 10.02: Соёлын сайд Ч.Номин төсөлд хөрөнгө оруулахгүй гэдгээ мэдэгдэв
Төсвийн ерөнхийлөн захирагч, Соёлын сайд Ч.Номин "Энэ хөрөнгө оруулалтыг цаг үеэ олоогүй гэж үзэж байгаа учраас Соёлын сайдын хувьд “Богд зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй болохоо мэдэгдэж байна" гэв. Сангийн сайд Б.Жавхлангийн тайлбарласнаар төсвийн ерөнхийлөн захирагч, Соёлын сайд Ч.Номин төсөлд хөрөнгө оруулахгүй гэсэн саналаа Засгийн газарт танилцуулснаар хөрөнгө оруулалтыг царцаах боломжтой юм.
2021 оны арваннэгдүгээр сарын 22 13.10: МАН-ын бүлэг хөшөөний санхүүжилтийг царцаахаар болсныг мэдэгдэв
МАН-ын бүлгийн хурлын үеэр Богд Зонхова хөшөөний талаар гишүүд байр сууриа илэрхийлсэн талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэв. Мөн тэрбээр Засгийн газар хөшөөний санхүүжилтийг царцаахаар болсон талаар мэдэгдсэн юм.
2021 оны арваннэгдүгээр сарын 22 15.07: Тендер зарлаагүй байхад барилгын ажил эхэлсэн хэмээн мэдээлэв
Хөшөө барих саналыг Засгийн газраас бус УИХ-ын гурван гишүүн гаргасан талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэв. Мөн түүнээс гадна барилгын ажлын тендер зарлаагүй бөгөөд улсын төсвөөс нэг ч төгрөг гараагүй атал барилгын ажил хэдийн эхэлсэн байгаа талаар тэрбээр мэдэгдсэн юм.
2021 оны арваннэгдүгээр сарын 22 15.26: Гурван гишүүн мэдэн будилав
Хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Ц.Анандбазар, Ц.Цэрэнпунцаг нараас хөшөөний талаар тодруулахад УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Ц.Анандбазар нар хөшөө барих санаачилга гаргаснаа хүлээн зөвшөөрч, нэмэлт өртгийг хэн, хэрхэн, яагаад өсгөсөн талаар мэдэхгүй гэх тайлбарыг өгсөн бол УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг тайлбар өгөхөөс татгалзсан юм.
2021 оны арваннэгдүгээр сарын 22 17.10: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Богд Зонхова” хөшөөг зогсоох чиглэл өгөв
Эцэст нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тодорхой албан тушаалтнуудтай уулзаж, тус хөшөөт цогцолборын барилгын ажлыг царцаах чиглэл өгсөн юм. Ингэснээр барилгын ажил тодорхойгүй хугацаагаар зогсож байгаа юм.