Төрөөд хэдхэн цаг болсон эхийг Covid-19-ийн халдвартай нь тогтоогдсон даруйд гэрийн халад, шаахайтай нь хөхөө өвлийн хүйтнээр гадаа гарган унаанд суулгасан нүд халтирам дүр зургийг бид улс даяараа харж басхүү хариуцлага тооцож чадсан. Гэтэл дөнгөж төрсөн эхчүүдэд хайхрамжгүй, сэтгэлгүй хандсан үйлдэл дахин давтагдлаа. Өвлийн хүйтнээр байтугай урин дулаан цагт ч салхи авч гам алдаж болохгүй гэдэг нярай биетэй ээжүүд халаалтгүй өрөөнд хөнжил нөмрөн сууж буй зураг цахим сүлжээнд цацагдаж, олон нийтийн бухимдлыг төрүүлээд байна. Олон нийт бухимдахаас хэтрэхгүй. Учир нь эл асуудалд, нэн түрүүнд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллах ёстой шат, шатны удирдлагууд, холбогдох хүмүүс өнөөдрийг хүртэлх хугацаанд юу хийв гэдэгт хариулт нэхэх ёстой.
Товчхондоо, амаржсан эхчүүдийг хүлээн авч асран сувилах ёстой эрүүл мэндийн байгууллага нь ийм нөхцөлд үйл ажиллагааг явуулж буйг дэргэдээс нь харсаар байж засаж, сайжруулах хүсэлтээ гаргаагүй эмнэлгийн удирдлагууд, эрүүл мэндийн салбарт буй нэн шаардлагатай шийдвэрлэх асуудлыг мэдэрч, ажиллалгүй, түүний шийдлийг ч гараасаа гаргаагүй аймаг, орон нутгийн удирдлагууд, холбогдох хүмүүс нь энэ мэт чухал асуудлаа яг одоо анхааралдаа авах хэрэгтэй байна.
Халаалтгүй өрөөнд зузаан хөнжил, халуун уух зүйлээр ч болтугай өөрсдийгөө дулаацуулж сууна гэж бодож эмнэлэг бараадаагүй нь лавтай. Хөхөө өвлийн хүйтнээр хөнжил нөмрөн, хүйтэн шалан дээр доороосоо жиндэж суугааг хараад яаралтай арга хэмжээ авчих сэтгэлтэй хүн байсангүй юу. Магадгүй цахим сүлжээнд энэ зургийг хэн нэгэн ил болгоогүй бол асуудал хэмээн авч хэлэлцэх хүн ч олдохгүй байсан биз ээ.
Өнгөрсөн оны аймгуудын өрсөлдөх чадварын үнэлгээнд Завхан аймаг хөгжлөөрөө 21 аймгаас сүүл мушгиж, 18 дугаарт бичигдсэн байдаг. Ингэхдээ өрсөлдөх чадварын оноо буурсан аймгуудын эгнээнд багтсан. Хүн амынхаа тулгамдаж буй асуудлыг "онож" шийдвэрлээгүй цагт хөгжил гэдэг үгийг амнаасаа унагаад ч хэрэггүй биз ээ. Чухамдаа, эмнэлгийн өрөөний ганц зураг тус аймгийн хөгжлийг ямар түвшинд байгааг бодитоор нотолж орхилоо.
Нөгөөтэйгүүр, асуудлын учиг нь Завхан аймаг өнөөдрийг хүртэл төвлөрсөн дулаанд холбогдоогүй явдал. Тодруулбал, тус аймгийн дулааны шугамыг хувийн байгууллагын уурын зуухууд хангадаг аж. Хөгжил дэвшил гэж яриад ч хэрэггүйн бас нэгэн нотолгоо нь энэ. Орчин цагт 72 мянга гаруй хүн амтай аймгийн дулааны хувийн байгууллагуудаар хангаж байгаа бол дэндүү харамсалтай.