Цас орсон өдрөөс эхлэн явган зорчигчид гуяны хөх махандаа хөндүүр суутал “Пенгвин” алхаагаар алхаж, машин техниктэй нэг нь унааныхаа “өвлийн гутлыг” бэлддэг тогтсон заншилтай болсон гэж хэлж болно. Тиймээс бид автомашины өвлийн дугуйны үнэ олдоц хэр байгаа талаар сурвалжилахаар Өгөөмөр захыг зорилоо.
Биднийг дугуй худалдаалдаг хэсгээр оронгуут л бээрсэн худалдаа эрхлэгчид “Дүү ямар дугуй сонирхсон юм” хэмээн угтаж авлаа. Тухайн хэсэгт дугуй худалдан авах иргэд ч цөөхөн, нэг л эл хуль байсан юм.
Яагаад улирал нь ирчихээд байхад худалдан авагчид цөөхөн байгаа талаар худалдаа эрхлэгчдээс асуухад “Өвлийн улирал эхэлж байгаатай холбоотойгоор автомашины өвлийн дугуйны үнэ өнгөрсөн жилээс хоёр дахин өссөн. Тээвэрлэлтийн зардал дугуй бүрд 150 юаниар нэмэгдсэн нь энэ өсөлтөд нөлөөлж байна. Тиймээс худалдан авах хүн ч бага байна” гэдгийг онцолсон юм.
Ингээд дугуй худалдан авахаар явж буй цөөхөн худалдан авагчдын нэг С.Мөнхтөр ”Өвлийн дугуйны үнэ гаарч өгсөн байна. Приүс 20-ын дугуй хайж явна. 150 мянгаас буухгүй байна шүү дээ. Хуучин цаг шиг элбэг дэлбэг байхаа ч больсон байна. Ноднин дугуй авахад 70,80 мянган төгрөгөөр л авч байсан. Одоо анзаараад байхад хоёр дахин нугаларсан байна. Халзан дугуйнууд нь 120 мянган төгрөг гэж байх жишээтэй. Болж өгвөл шинэ Хятад дугуйнуудыг нь авбал зүгээр болсон байна. Арай барьцалдах чадвар нь дээр юм даа” гэв.
Ингээд цааш явсаар автомашины дугуйны худалдаа эрхлэгч Б.Хүрэлсүхтэй уулзаж ярилцлаа. Тэрбээр ”Иргэдийн худалдан авалт муу байна. Дугуй урд, урд жилүүдийг бодвол үнэтэй болсон байна. Тээврийн зардал гурав нугалсан байна. Төр засагтааа л гомдож явахаас өөр арга алга. Хамгийн их худалдан авдаг Хятад дугуйнууд хил хаагдсанаас болж бараг байхгүй боллоо. Ард иргэдийн нуруун дээрх ачаа нэмэгдсэн байна. Приүс 20 ын дугуй ноднин жил 45 мянгатай байсан бол өнөөдөр 80-аас буухгүй байна” гэлээ.
Harier-ын дөрвөн хос дугуй 1.2 сая төгрөгийн үнэтэй
Land 80 машины дугуй дөрвөн хос дугуй 1.4 сая төгрөг
RX гэх мэт дунд гарын автомашины, шинэ Япон дугуй 2.8 сая төгрөгөөс эхэлж байна.
Нэмэлт мэдээлэл,
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дөрөвдүгээр хавсралтад “Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт” гэсний гурав дах хэсэгт суудлын автомашин, бүх жин нь 3,5 тонноос илүүгүй ачааны автомашины дугуйны хээний гүн нь 1,6 мм-ээс багагүй байх ёстой гэж заажээ. Нэг үгээр бол хээний гүн нь заасан хэмжээнээс багассан бол тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглож болно гэсэн үг гэнэ.
Приүс 20 машины хуучин дугуй 70-80 мянга
Шинэ нь 300-400 мянга
Приүс 30 машины дугуй хуучин дугуй 100 мянга
Приүс 41 машины дугуй нэг ширхэг нь 100 мянга төгрөгийн үнэтэй байна.
Олсон хэдэн цаасаа үнэ хямдыг харж хээ муутай дугай авах иргэд болон тээврийн зардал нэмэгдсэнээс болж үнээ нэмсэн иргэдийн аль алийг нь буруутгах эрхгүй. Гэхдээ машиныхаа бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж, дугуйгаа улиралд нь тааруулан сольж хэвших нь бид бүгдийн амь нас эд хөрөнгөнд ээлтэй гэдгийг анхааруулах нь зүйтэй биз ээ.