Монгол Улсын 2022 оны төсвийг энэ сарын 12-ны өдөр баталсан. Тэгвэл уг батлагдсан төсөвт “Богд Зонхова” бурхны хөшөөг 33 тэрбумаар барихаар оруулсан нь олон нийтийн бухимдлыг ихээхэн төрүүлээд байна.
Тэгвэл үүнтэй холбоотойгоор Соёлын сайд Ч.Номин “уг төсөлд хөрөнгө оруулалт хийхгүй, өөрийг нь сайд болохоос өмнө хийгдэхээр төсөвт тусгагдсан байсан” хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Гэвч улсын төсөв бол Монгол Улсын хууль. Улсын төсвийг Засгийн газраас боловсруулж өргөн барьдаг бөгөөд ингэхдээ бүх яамдаас санал авч байж боловсруулдаг. Ялангуяа Ч.Номин сайдын хариуцаж буй салбарт, өөрийнх нь сайдын багцад уг төсөл арга хэмжээ суучихаад байхад өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу үйлдэл хийгээгүй.
Мөн Засгийн газрын гишүүн бөгөөд Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Яг өнөөдрийн байдлаар бид энэ мөнгийг хөшөөнд бус, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтануудын маань илүү ажилласан цагийн төлбөр, хуулийн дагуу олгогдох ёстой тэтгэмжинд зарцуулья. Тэгж гэмээнэ өдөр шөнөгүй ажиллаж байгаа манай салбарыхан хэсэгхэн хугацаанд ч гэсэн маргааш төлөх зээлийн төлбөр, хүүхдүүдийнх нь сургалтын төлбөр гээд ар гэрийн олон санхүүгийн асуудалд дэмжлэг болж чадна шүү дэ. Зарцуулья гэвэл үүнээс гадна засвараа хүлээж буй ХӨСҮТ-өөс авахуулаад олон эмнэлэг шил шилээ даран хүлээж л байна” гэж мэдэгдсэн.
Хэдийгээр Эрүүл мэндийн сайдын зөв ч гэсэн батлагдахаас нь өмнө энэ зүйл дээр саналаа хэлээд салбартаа хэрэгтэй хөрөнгө оруулалтыг оруулаад явах боломжтой байсан уу гэвэл байсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын гишүүд өнгөрсөн борооны хойноос худлаа цув нөмөрч гүйгээд нэмэргүй. Цаашлаад төсвийн хуулийг хэрэгжүүлэхгүй гэж Засгийн газрын гишүүн дангаараа зүтгэх нь өөрөө хууль зөрчиж буй үйлдэл юм. Хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-аас баталсан төсвийг зориулалтаар нь зарцуулах нь хариуцсан сайдын үүрэг.
Харин хэрэгжүүлэхгүй гэж үзвэл төсвийн тухай хуульд тодотгол хийж, бүр мөсөн хасах эсвэл царцаах арга зам бий.