Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Монгол банк 2020 оны аравдугаар сараас хойш орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8-6 хувь болгож бууруулсан. Үүнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд 9276 өрхөд 679.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон байна. Энэ бол түүхэндээ нэг жилд гарч буй хамгийн өндөр зээл юм. Гэтэл нөгөө талдаа үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлт 2021 оны есдүгээр сарын байдлаар метр квадрат тутамдаа 15.8 хувиар өссөн.
Энэ дүнг олон улстай харьцуулж харах юм бол дэлхийн дундаж өсөлт нь 6 хувь хүрэхгүй байна. Тиймээс орон сууцны үнэ 15.8 хувиар өсөж байхад ипотекийн зээлийн хүүг бууруулах ямар ч үр дүнгүй байна.
Монголбанкнаас өгсөн материалд ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгосон нь зээлдэгчийн сарын төлбөр 20 хувиар багассан гэж бичсэн байна. Энэ ямар тооцоо судлагааны үндсэн дээр гаргасан тооцоолол гэдгийг ойлгохгүй байна. Монгол банкны бодлогын тохируулга гэж огт алга. Оны сүүлээр ипотекийн зээлээ татна гэсэн нь ниргэсэн хойно нь хаширах гэдэг нь болж байна” гэв.