УИХ-ын чуулганаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг ТББХ-ны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь танилцууллаа. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат "Эдийн засгийн хөгжлийн яам байгуулаад юу сайжрах юм бэ. Яамны орон тоо, төрийн албан хаагчдын орон тоог нэмээд байдаг. Үүний ард татвар төлөгчдийн, уул уурхайгаас орж ирж буй мөнгө л бий. Сайжирна гэсэн баталгаа бий юу. Хэдэн жилийн өмнө Соёлын яам байгуулаад соёл сайхан болно гээд ярьж байсан. Тийм зүйл алга. Хөгжмөөр байгаа бол Тавантолгойн цахилгаан станцаа барих хэрэгтэй. Нарийн царигтай төмөр замаа барих хэрэгтэй. Энэ замыг бид туулаад гарсан.
Энэ улс орон та бүхний ах дүү нараа дарга болгох гэсэн энэ олон яамны дарга нарын тоог дийлэхгүй болж байна. ААН-ийнхээ тоог нэмж, хөдөлмөрлөж байгаа хүмүүсийн цалинг нэмж байж л хөгжинө. Социализм руугаа эргээд л яваад байна" гэв.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Эдийн засгийн хөгжлөө тодорхойлох жишгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байна. Бидний өнгөрсөн 30 жилийн алдаа бол төрийн бодлого тогтворгүй байснаас болсон. Үүнийг төлөвлөдөг болъё гэж байгаа. Бодлого, төлөвлөгөөгүй бол ойд төөрсөн сармагчинтай адил. Бодлого, төлөвлөлтийг нэг газар хийгээд, хэрэгжүүлэлт, зохион байгуулалтыг салбар яам хариуцахаар тооцож бодлогын цаасны яам байхаар оруулж ирсэн" гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Ганбат "Ээлжит цаасны яам нэмэгдэж байгаа юм байна. Ангарскд очоод бензинээ авчих чадвартай сайд бий болох уу. Урд хил дээр очоод нүүрсээ яаж гаргах зэрэг бүх зүйлээ тохирч чадах хүн бий болох уу. Өмнө ийм хүн байгаагүй юм уу. ЭЗХ-ийн яам байгуулаад бид цэнгэлийн манлайд хүрэх үү" гэв.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Цаасны гэж хэлж байгаа нь бодлого тодорхойлж, төлөвлөлт хийх, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хэлж байгаа юм. Салбарын яамдууд бодлогыг хэрэгжүүлнэ" гэв.