УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ хийж байна.
Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь танилцуулав.
Тэрбээр "Монгол Улсын Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг, Засгийн газрын бүрэлдэхүүнд эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнийг тус тус нэмж байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан болно" гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Яам байгуулж болно. Үндсэн хуулиараа Ерөнхий сайдын бүрэн эрх. Гэхдээ өнөөдрийн байдлаар яамдуудын бодит төрх нь салбарыг мэргэжилтнүүд удирддаг болсон. Мэргэжлийн сайд гэж зүйл байхгүй болсон. Мэргэжлийн бус сайд мэргэжилтнүүдийнхээ аятайхан сонсогдсон үгийг сонсдог. Мэргэжлийн бус учраас шийдэл, шийдвэр гаргаж чаддаггүй. Сайд болно гээд улайраад л гүйцгээхээс биш мэдэхгүй, чадахгүй байгаагаа мэддэггүй нь харамсалтай. Ямар ч диплом мэргэжилтэй юм бүү мэд. Гол нь сайд болно гэдэг асар том хүсэлтэй. Үүнээс болж яамд бүтэлгүйтдэг. Өмнө нь бид Үндэсний хөгжлийн яам байгуулсан. Гэтэл нөгөөх нь барилга байшин, замын уулзвар барьсаар байгаад дууссан. Иймэрхүү байдлаар яамд нэмбэл төсвийн үрэлгэн зардал болж өнгөрсөн. Бодлого төлөвлөлтийн асуудлыг хариуцаад явчих хүн хэр байгаа бол гэж бодож байна. Тиймээс яам байгуулбал, салбарын шилдэгүүд нь очиж ажилладаг байх хэрэгтэй" хэмээлээ.