Энэ долоо хоногийн УИХ-ын нэгдсэн чуулганаар ирэх оны улсын төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ. Ирэх жилийн улсын төсвийг түүхэнд байгаагүй өндөр дүнгээр буюу 18.2 их наяд төгрөгөөр батлахаар бэлтгэж буй нь энэ. Тэгвэл 2022 оны улсын төсвийн зардлыг салбар яамдуудад буюу САЙДУУДЫН БАГЦАД хэрхэн хуваарилсныг энэ оныхтой харьцуулан хүргэж байна.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэлд ихэнх яамдын ирэх оны төсөв энэ оныхоос 20-30 хувиар нэмэгдсэн бол Зам, тээвэр хөгжлийн яамны төсөв 1.5 дахин, Соёлын яамны төсөв 1.9 дахин, Эрчим хүчний яамны төсөв 2.8 дахин нэмэгдэж төсөвлөгдөж байгаа юм.
Харин хүүхдийн мөнгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас олгодог байсныг Сангийн яамруу шилжүүлж буйтай холбогдуулан ХНХ-ийн яамны ирэх оны төсөв өмнөх оныхоос 3.3 дахин бага тусгагдах юм.
Шинээр байгуулагдах гэж буй Эдийн засгийн хөгжлийн яам болон Цахим хөгжлийн яамны ирэх оны төсвийг оролцуулан НИЙТ САЛБАР ЯАМДАД 12 ИХ НАЯД орчим төгрөгийг зарцуулахаар 2022 оны төсвийн тухай хуулийг өргөн барьжээ.