Улсын Их хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа явагдаж байна. Сонгуулийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй явуулах нөхцөл, боломжийг улам боловсронгуй болгохыг зорьж, нөхөн сонгуулийн ирцийн мэдээг дамжуулах https://turnout.gec.gov.mn/ цахим талбарыг Сонгуулийн ерөнхий хороо, түүний дэргэдэх Мэдээллийн технологийн төв сайжруулан хөгжүүллээ.
Нөхөн сонгуулийн санал авах өдөр Хэнтий аймгийн 89, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 59 хэсгийн хороонд дүрс бичлэгийн камер байршуулж, олон нийтэд нээлттэйгээр дамжуулна. Сонгуулийн ирцийн мэдээг хүссэн хүн бүр гар утсаараа үзэх боломж бүрдээд байна. Нэгдсэн мэдээллийн сангийн платформ нь ирцийн мэдээг Монгол Улсын газрын зургаар дүрслэн харуулахаас гадна сонгуулийн ирц, оролцоог тоо, хувь зэрэг статистик мэдээллээр гаргаж, сонгогчдын нас, хүйсийн ангилал, оршин суугаа байршил, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн тоо, “түр хасав” тэмдэглэгээтэй сонгогч гэх мэт нарийвчилсан мэдээллийг санал авах ажиллагааны туршид бүх хэсгийн хороодоос цаг алдалгүй дамжуулж байгаагаараа онцлог юм.
Энэхүү цахим талбар нь сонгуулийн үйл ажиллагааг хялбаршуулж, санал авах үйл явцын удирдлагын тогтолцоог сайжруулах, сонгуулийг шударга, ил тод явуулах, иргэдийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх, түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй мэдээлэх, сонгуулийн зардлыг бууруулах зэрэг олон давуу талтай боллоо.