Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Зарим ШТС-уудаар АИ92 бензин хэвийн олгож эхэлсэн ч А95 “тасарчээ”

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
6 минут 13 секунд

No description available.

Нийслэлийн хэмжээнд шатахууны хомстол үүссэн хүндхэн нөхцөл байдал багагүй хугацаанд үргэлжилсэн. Ингэхдээ шатахуун импортлогч компаниуд байгаа нөөцдөө тохируулан борлуултдаа мөнгөн дүн, талон, гэрээт байгууллага зэргээр хязгаарлалт тогтоогоод байсан. Гэхдээ БНХАУ болон ОХУ-аас шатахуун импортлоход тээвэр ложестикийн асуудал саадгүй болсноор өнөөдрөөс шатахуун түгээлт хэвийн байдалд шилжинэ гэдгийг албаныхан мэдээлсэн юм. Тэгвэл шатахуун түгээх станцуудаар шатахуун олголт хэрхэн байгаа талаар сурвалжиллаа.

М-ОЙЛ ШТС: А95 тасарч, АИ-92 бензинийг 20 мянган төгрөгийн хязгаарлалттайгаар олгосоор байна

No description available.

Баянбүрдэд байрлалтай М-Ойл шатахуун түгээх станц. Шатахуунд дугаарласан автомашины цуваатай нийтлэг дүр зураг энд “алга болсон” байлаа. Шатахуун борлуулах хэсэгт хааяа нэг машин ирж байгаагаас харвал ачаалал багассан нь илт. Ингэхдээ 20 мянган төгрөгийн хязгаарлалттайгаар бензин өгч байгаа талаар хэлж байсан юм. Ташрамд дурьдахад, тус М-Ойл шатахуун түгээх станцуудаар өмнөх өдрүүдэд гэрээт байгууллагын автомашин болон мөнгөн дүнгийн хязгаарлалттайгаар шатахуун олгож байсан.

Шатахууны нийлүүлэлт, хязгаарлалт хэзээнээс хэвийн байдалд шилжих талаар тус ШТС-ын түгээгчээс тодруулахад “А95 бензин тасарчихсан. АИ92 шатахууныг 20 мянган төгрөгийн хязгаарлалттайгаар л олгож байна. Бэлэн мөнгө, картны алинаар нь ч тооцоо хийж болно. Өнөөдөр орлого ирээгүй. Хэзээ ирэх эсэхийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Ямартай ч байгаа нөөцдөө тохируулаад мөнгөн дүнгийн хязгаарлалттайгаар олгож байгаа. Орлогоо татчихвал олголт хэвийн байдалд шилжих байх” гэлээ.

ШУНХЛАЙ ШТС: Мөнгөн дүнгийн хязгаарлалтгүйгээр А92 бензинийг олгож эхэллээ

No description available.

Дараагаар Шунхлай ШТС-д очиход ачаалал бага, хаа нэг ирсэн машинд нь АИ92 бензинийг мөнгөн дүнгийн хязгаарлалтгүйгээр олгож байлаа. Нийслэлд шатахууны хомстол үүссэн өдрүүдэд иргэдэд ч, байгууллагуудад ч 30 мянган төгрөгийг хязгаарлалтайгаар өгч байсан тус шатахуун түгээх станцын хувьд өчигдрөөс эхлэн хэвийн олгож эхэлсэн нь энэ аж. Харин А95 бензин худалдаалахгүй байв. Түгээгчийн хэлж буйгаар “Өчигдөр орлого ирсэн. Өнөөдөр ч нэмж ирнэ гэсэн. Өмнөх өдрүүдтэй харьцуулахад ачаалал эрс багассан” гэх зүйлийг ярьж байлаа. Үнийн дүнд өөрчлөлт ороогүй бөгөөд АИ92 бензин 2050 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байв.

SUPER 92 ШТС: АИ92 бензин 2010 төгрөгийн үнэтэй ч 30 мянган төгрөгийн хязгаарлалттай

No description available.

Бусад шатахуун түгээх станцтай харьцуулахад Super 92 ШТС-д АИ92 бензин 2010 төгрөг буюу литр тутамдаа 40 төгрөгийн хямдаар борлуулагдаж байлаа. “Гэхдээ 30 мянган төгрөгт л өгч байгаа шүү. Манай орлого ирээгүй байгаа. А95 бензин худалдаалахгүй байна” гэсэн юм.

ТЭС ПЕТРОЛИУМ ШТС: АИ92 бензин олгох дээд лимит нь 100 мянга

No description available.

Баянбүрдийн тойргийн хажууд байрлалтай "Тэс Петролиум" ХХК-ийн шатахуун түгээх станцад бусад газруудтай харьцуулахад харьцангуй ачаалал ихтэй байв. Ингэхдээ өнөөдөр өглөөнөөс эхлэн 100 мянган төгрөгийн дээд лимиттэйгээр олгож байгааг түгээгч хэллээ. Орлого /нийлүүлэлт/ хэвийн ирж байгаа эсэхийг колонкын эрхлэгчээс тодруулах гэсэн боловч “Манай үйл ажиллагаа байнгын хэвийн явагдаж ирсэн” гэхээс өөр мэдээлэл өгсөнгүй.

Зарим ШТС-уудад нийлүүлэлт ирээгүй байгаагаас мөнгөн дүнгийн хязгаарлалттай хэвээр байна

No description available.

Уржигдар буюу есдүгээр сарын 25-нд АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр шатахуун импортлогч компаниудтай уулзалт хийж, Даваа гараг буюу өнөөдрөөс шатахууны борлуулалтыг хэвийн горимд оруулах үүрэг чиглэлийг өгсөн. Компаниудын зүгээс ч хэвийн горимд шилжүүлэхээ илэрхийлсэн юм. Гэвч бодит байдал дээр зарим шатахуун түгээх станцуудад орлого буюу нийлүүлэлт хараахан ирээгүй байгаагаас мөнгөн дүнгийн хязгаарлалттай хэвээр байна. Түүнчлэн АИ92 бензиний хомстол багасаж, шөнө дунд хүртэл дугаарлах байдал алга болжээ. Гэхдээ нийслэл даяараа АИ92 хэмээн анхаарлаа хандуулж байх зуурт А95 бензин худалдаалагдахгүй байгааг нүднийхээ булангаар тоолгүй өнгөрүүлжээ.Тэгвэл А95 бензиний улсын нөөц болон нийлүүлэлт яагаад тасарсан хэзээнээс хэвийн болох талаар АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяраас тодруулах гэсэн боловч утсаа авсангүй.

Ойрын хугацаанд БНХАУ-аас нийтдээ 43440 тн 723 вагонцистерн шатахуун импортлоно

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ: ОХУ-ын Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрээс есдүгээр сарын 24-нд ачигдсан эхний ээлжийн 20 вагон 1212 тонн шатахууныг өчигдөр буюу есдүгээр 26-ны өдрийн 17.00 цагт Сүхбаатар өртөөгөөр хүлээн авсан. Мөн Монгол Улс ойрын хугацаанд БНХАУ-аас нийтдээ 43440 тн 723 вагонцистерн шатахуун импортлох юм.

Тодруулбал, ОХУ болон БНХАУ-аас энэ сарын 27-30-нд нийт 9750 орчим тн АИ-92 автобензин оруулж ирнэ. Энэ нь манай улсын АИ-92 автобензиний ердийн хэрэглээний найм хоногийн нөөц гэдгийг УУХҮЯ мэдээлсэн. Мөн ОХУ-ын “Роснефть” компанитай энэ сарын 23-нд хийсэн уулзалт, хэлэлцээрийн үеэр есдүгээр сард яаралтай нийлүүлэхээр тохирсон 1500 тн АИ-92 автобензиний 300 орчим тн АИ-92 автобензин ачсан 5 вагон замдаа явж байгаа аж.

No description available.

No description available.

М.Тулгат: АН эв нэгдлийн их хурлаа 11 дүгээр сарын 5-нд хийхээр тогтлоо
М.Тулгат: АН эв нэгдлийн их хурлаа 11 дүгээр сарын 5-нд хийхээр тогтлоо
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.