Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний болон МҮОНТ үүсэн байгуулагдсаны түүхт 54 жилийн ой өнөөдөр тохиож байна. Одоогоос 54 жилийн өмнө Монгол Улсын айл бүрийн хойморт шидэт хайрцаг заларч, улс орныхоо хөгжил цэцэглэлт, иргэдийнхээ боловсрол мэдлэгт үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлүүд төрж, Дэлхийг Монголтой, Монголыг дэлхийтэй холбосон үйл явдал болсон билээ.
Телевизийн салбарт ажиллаж буй сэтгүүлч, зураглаач, уран бүтээлч, бүх ажилтанд телевизийн салбар үүсч хөгжсөний ойн баярыг UBN.MN сайтын хамт олноос хүргэж байна.
Ж.Алтангэрэл: Телевиз бол хамгийн хүчтэй инстуци, нийгмийн хөгжилд өөрийн гэсэн оролцоо, үүрэг нөлөөтэй том салбар
МҮОНТ-ийн сэтгүүлч Ж.Алтангэрэл "МҮОНРТ болон хэвлэл мэдээлэл, телевизийн салбарын хөгжлийг бүтээлцэж, өөрсдийн хувь нэмэр, сэтгэл зүтгэлээ зориулсан үе үеийн ажилчид, сэтгүүлчиддээ баярын мэнд хүргэе. Миний хувьд 1995 оноос хойш телевизийн салбарт тасралтгүй ажиллаж байна. Телевиз гэдэг бол хэвлэлийн салбарын хамгийн хүчтэй инстуци, нийгмийн хөгжилд өөрийн гэсэн оролцоо, үүрэг нөлөөтэй байдаг том салбар. Энэ салбарт үе үеийн чадварлаг, мэргэжлийн хүмүүс ажилласаар ирсэн. Ажил нь цаг наргүй, хүнд боловч нийтэд үргэлж сайн сайхныг түгээж, бодит үнэн мэдээлэл хүргэхийг хичээдэг сайхан мэргэжил шүү дээ. Залуу шинэ сэтгүүлчиддээ хандаж хэлэхэд мэргэжилдээ өөрөө сэтгэлтэй, дуртай, хариуцлагатай байж чадвал амжилтад хүрэх болно"
Р.Гандиймаа: "Ном бол ертөнцийг харах цонх" гэдэг шиг "Телевиз бол ертөнцийг харах өнгөт дэлгэц"
МҮОНТ-ийн захирал асан, сэтгүүлч Р.Гандиймаа "Телевизийн долгион өөрөө айл гэрт урилгагүй зочноор очдог. Тиймээс телевизийн салбарт ажиллана гэдэг бол монголынхоо өнцөг булан бүрт хүссэн бүх газарт өөрийнхөө хүргэе гэсэн мэдээ мэдээллээ хүргэж чаддаг том салбар. Телевиз бол хүнийг нийтэч, найрсаг, дэлхийн цар хүрээтэй, маш сайн хөгжүүлдэг салбар юм. "Ном бол ертөнцийг харах цонх" гэдэг шиг "Телевиз бол ертөнцийг харах өнгөт дэлгэц" юм. Би телевизийн салбар 18 жил ажилласан байна. 54 жилтэй харьцуулахад бага хугацаа хэрнээ хүний амьдралд том нөлөө үзүүлсэн жилүүд. Их олон хүнтэй нөхөрлөдөг танилцдаг, олон нийттэй ойр болгодог салбар шүү дээ. МҮОНРТ гэдэг бол Монголд телевизийн урлаг үүсэх үндэс суурийг тавьсан гэдэг утгаараа одоогийн телевизүүдийг үүсгэн байгуулсан сэтгүүлчид бол үндэсний телевизийн хамт олноос өрх толгойлон гарсан хүмүүс байдаг юм. Тиймээс нийт монголын сэтгүүлчиддээ баярын мэндийг хүргэж байна"
Г.Мөнхтуул: Телевизийн салбар нийгмээ түүчээлж, улс орны хөгжлийг чиглүүлж өгдөг салбар учир сэтгүүлчид хариуцлагатай, ёс зүйтэй ажиллах нь зүй ёсны хэрэг
25 дугаар суваг телевизийн сэтгүүлч Г.Мөнхтуул "Телевиз бол бусад хэвлэл мэдээллийн салбарыг бодвол аливаа мэдээллийг цогцоор нь хүргэж чаддаг хамгийн сайн төрөл гэж боддог. Сонин зөвхөн текстээр, радио дуу хоолойгоор мэдээллээ хүргэдэг бол телевизийн салбар бүгдийг цогцлоож мэдээллээ хүргэдэгээрээ онцлог. Ард иргэдэд хамгийн хүчтэй нөлөө үзүүлж чаддаг салбар юм. Телевизийн салбарт нэг орчих юм бол буцаж гархад тун хэцүү. Өнөөдөр Үндэсний телевизийн 54 жилийн ой, манай телевизийн 25 жилийн ойн баяр тохиож байна. Есдүгээр сарын 27-ны өдөр маш олон телевиз эфирээ нээсэн байдаг. Тэр дундаа Монголын анхны ардчилсан, хувийн, чөлөөт телевиз буюу 25 дугаар телевиз энэ өдөр анхны эфирээ цацсан юм. Маш олон телевизийн хамт олон энэ баярыг тэмдэглэж байгаа. Энэ салбар нь нэг талаараа нийгмээ түүчээлж, улс орны хөгжлийг чиглүүлж өгдөг салбарын нэг учраас сэтгүүлчид хариуцлагатай, ёс зүйтэй ажиллах нь зүй ёсны хэрэг юм. Телевизийн салбарт ажиллаж байгаа, өмнө нь ажиллаж байсан, цаашдаа ажиллах сонирхолтой бүх сэтгүүлчиддээ баярын мэндийг хүргэе"
Ж.Төгсжаргал: Телевиз хүнийг маш их хөгжүүлдэг, танин мэдэхүйн бахдам хэрэгсэл
Ийгл телевизийн сэтгүүлч, анкор Ж.Төгсжаргал "Өнөөдөр зурагт зулын хойморт заларсны түүхэн өдөр тохиож байна. Телевиз бол танин мэдэхүйн бахдам хэрэгсэл төдийгүй сэтгүүл зүйн салбар өөрөө дөрөв дэх засаглал. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл маш хариуцлагатай, олон нийтийн өмнө алдаа оноотойгоо цуг явж байдаг ажил. Тиймээс энэ замыг туулж байгаа сэтгүүлч, хөтлөгч, зураглаач, найруулагч, эвлүүлэгч болгон энэ салбарын сайн зүйлд нь дурлан ажилладаг байх. Телевиз хүнийг маш их хөгжүүлдэг. Хамт олон нь тухайн хүнээ хөгжүүлж байдаг. Сэтгүүлчид улам хариуцлагатай байхыг нийгэм шаардаж байна. Тиймээс энэ өдрийг баяр гэхээсээ илүү яг ямар зүйл дээр онов, юуг сайжруулах вэ гэдгийг сэрж харах ёстой өдөр юм болов уу гэж боддог.
Бид айлын хойморт урилгагүй зочилдог гээд уламжлалт нэг үг байдаг шүү дээ. Маш олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл дундаас яаж ялгарах вэ гэхээр мэргэжлийн байх гэдэг нь асар том давуу тал болоод байна. Мэргэжлийн байвал тэр редакцид, ёс зүй байдаг. Тэр хэрээрээ тухайн байгууллага тогтвортой байдаг. Манай сэтгүүлчид барууны сэтгүүл зүйн салбарыг судлах хэрэгтэй. Сэтгүүлчид нь мэргэшсэн, тухайн асуудлаа илүү олон талаас нь харж чаддаг учраас үлгэр дууриалал аваасай гэж боддог. Бүх мэргэжил нэгт хамт олондоо телевизийн салбар үүсэж хөгжсөний 54 жилийн ойн баярын мэндийг хүргэе"
Ө.Отгонбаатар: Сайн сэтгүүлч болохын тулд сайн хүн байх ёстой
ТВ5 телевизийн захирал, сэтгүүлч Ө.Отгонбаатар "Өнөөдөр МҮОНРТ-ийн анхны эфирээ цацсан өдөр. Монголд телевизийн урлаг үүссэн түүхэн өдөр гэж үздэг. Энэ салбарт ажилладаг, ажиллаж байсан бүхий л хүмүүстээ баярын мэнд хүргэе. Миний хувьд багаасаа энэ мэргэжилд сонирхолтой байсан. Хүүхэд байхаасаа кинонд дуу оруулж, хүүхдийн нэвтрүүлэг хөтөлдөг байсан. Телевизийн салбарт 23 жил ажиллаж байна. Өдрийнхөө ажлын үр дүнг оройдоо үзчихдэг. Телевиз бүтэн сонины нүүрийг цөөн минутанд багтааж хүмүүст хүргэдэг, хамгийн түргэн шуурхай байж чаддаг гээд хамгийн сайхан салбар. Миний хувьд 23 жил телевизийн салбарт ажиллахдаа хүн байх гэдэг зарчмыг л баримталж ирсэн. Сайн сэтгүүлч болохын тулд сайн хүн байх ёстой"
Л.Эрдэнэбаатар: Телевизийн салбарын бүх зүйл цаг нартай, маш хариуцлагатай байхыг шаарддаг ажил
ТВ9 телевизийн нэвтрүүлэгч Л.Эрдэнэбаатар "Телевизийн салбарын хамт олондоо 54 жилийн ойн баярын мэндийг хүргэж, ажил хөдөлмөрт нь амжилт хүсье. Анх 2000 онд радиод ажиллаж байсан. 2008 онд радиогоос гараад түүнээс хойш 12 дахь жилдээ телевизийн салбарт ажиллаж байна. Энэ хугацаанд бүхий л өдөр үзэгч олондоо мэдээ мэдээллийг үнэн бодитойгоор хүргэхийг зорьж ажилласаар ирсэн. Бүх зүйл цаг нартай, маш хариуцлагатай байхыг шаарддаг ажил. Энэ салбарт ажиллаж байгаагаараа бахархаж, урам зоригтой явдаг. Нийт залуус дүү нартаа монгол хэлийг маш сайн сурах хэрэгтэй гэж хэлмээр байна. Монгол хэлийг сурахгүйгээр гадаад хэл сурна гэж байхгүй.
Дэлхийтэй харилцахад хэл бол хамгийн чухал зүйл, харилцааны анхны хэрэглүүр шүү дээ. Тиймээс эхлээд монгол хэлийг маш сайн сурах хэрэгтэй. Нэг ийм онигоо байдаг. Залуу дектороос шалгалт авахад “Өнөөдөр УИХ-ын чуулганы танхим дотор Р.Гончигдоржийг, М.Энхсайхан буруушаав” гэсэн байдаг. Энэ мэт маш том бүдүүлэг алдаа давтагдаж байгаа харагддаг. Монгол хэл сайн сурахын тулд их унших хэрэгтэй. 1960,70-аад оны зохиолууд унш. Ялангуяа Д.Намдаг, Р.Чойномын шүлэг, зохиолуудыг уншвал хэл гэдэг ямар агуу, мундаг зүйл вэ гэдгийг ойлгох болно. Миний хувьд ном зохиол унших бүртээ нэг зүйлийг шинээр сурч байдаг. Сүүлийн үед фэйсбүүк, сошиалд зөв бичгийн дүрмийг ихээр гуйвуулж, дуудлагаараа бичдэг болсон байна. Энэ бол хэл сөнөхийн эхлэл шүү дээ. Миний хувьд ч үүнийг харсаар байгаад заримдаа “энэ үгийг ингэж бичдэг билүү” гэж эргэлздэг болсон. Тиймээс дүү нартаа хэлэхэд, Монгол хэлийг маш сайн сураарай" гэлээ.
Э.Дэлэгнанзадмаа
Б.Болортуяа