Хүний эрхийн үндэсний комисс болон Нээлттэй нийгэм форумын хамтарсан “Хүний эрхийн тухай ярилцъя” сэдэвт уулзалт өнөөдөр боллоо. Тус уулзалтаар сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр тулгамдаж буй асуудлыг мэргэжилтнүүдийн оролцоотойгоор санал солилцож, зөвлөлдсөн байна. Уулзалтад сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар ажилладаг 20 эксперт оролцсон аж. 2013 оны 10 дугаар сараас эхлэн тус уулзалтыг сар тутам тогтмол зохион байгуулж байна.
ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжид "Энэ сэдвийн хүрээнд хүний эрхийн үндэсний комиссоос хоёр зорилготой уулзалт зохион байгуулж байна. ХЭҮК чиг үүргээ хэрэгжүүлэхдээ сэтгэцийн эрүүл мэндийн хувьд юуг анхаарах, ирэх жилүүдэд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэргэжилтнүүдийн санал бодлыг сонсох зорилготой” гэлээ.
Хүний эрхийн үндэсний комиссоос анх 2006 онд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хяналт шалгалт хийж эхэлсэн. Энэхүү хяналт шалгалтаас үүдэн сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн асрамжийн газрыг байгуулах санал УИХ-д удаа дараа тавьж байжээ. ХЭҮК-оос 2021-2024 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөний хүрээнд сэтгэцийн эрүүл мэнд, хүний эрхийн тогтолцоонд төрийн болон төрийн бус байгууллагуудын анхаарлыг хандуулах зорилготой байгаа юм.
Э.Дэлэгнанзадмаа