Монголын боксын холбооноос МУГТ Э.Цэндбаатарыг Үндэсний шигшээ багаас хөөх шийдвэрийг өчигдөр гаргасан. Тус мэдээлэлтэй холбогдуулан Монголын боксын холбооноос мэдээлэл хийлээ.
Боксын холбооны анхдугаар хурал зохион байгуулагдаж, дөрвөн асуудлыг авч хэлэлцсэн аж. Тодруулбал, өчигдөр орой цахимаар яаралтай зохион байгуулагдсан хурлаар ДАШТ-ий өмнө хийх сорилго тэмцээний удирдамжийг батлах, шүүгчдийн нэрсийг батлах, шаардлагатай төсвийг батлах, багш, дасгалуулагчдын сахилга бат, ёс зүйн талааравах арга хэмжээ зэрэг асуудлыг авч хэлэлцсэн байна. Ингэхдээ удирдах зөвлөлийн хурлаар Монголын шигшээ багийн гишүүн Э.Цэндбаатарыг удаа дараа сахилга бат, ёс зүйн алдаа гаргасан хэмээн үзэж ДАШТ-ий сорилго сонгон шалгаруулалтаас болон шигшээ багаас хасах шийдвэрийг гаргасан талаар хэллээ.
Боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжууулагч Ж.Энхтөр "Манай боксын тамирчид үеийн үед сахилга бат, дэг журамтай байж ирсэн. Мундаг, амжилт үзүүлдэг тамирчин хэдий ч олон удаагийн хариуцлагагүй үйлдлийн давтамжийг зүгээр өнгөрүүлж чадахгүй. Удахгүй болох гэж байгаа ДАШТ-ий сорилго тэмцээнээ хийх гэж байна. Тамирчин хүн тухайн спортоор гавъяа байгуулахаас гадна улс орондоо зөв хүн болж төлөвших, хүмүүжих шаардлагыг тавьж байдаг. Урьд нь олон удаа уучилсан. Э.Цэндбаатарыг үлгэр дууриалал болгож байгаа олон залуус бий. Эдгээрт ямар үлгэр дууриалал болох вэ. Өндөр зэрэглэлтэй тамирчдад хариуцлага тооцож чадахгүй мөртлөө залуусыг буруутгах ёс зүйн үндэс байхгүй. Ямар ч гавьяат, хөдөлмөрийн баатар бай хариуцлагаа хүлээх ёстой.
Шигшээ багийн тамирчин шөнийн хоёр цагт согтууруулах ундаа хэрэглээд, бэлтгэлжилт формоо алдаж зодоон хийсэн нь уучилж болшгүй асуудал" гэлээ.