ИНЕГ-т өнөөдөр АТГ-аас нэгжлэг хийж, холбогдох шалгалтын ажлыг зохион байгуулжээ. Тодруулбал, БНСУ-д болсон "Агаарын хэлэлцээр"-тэй холбоотойгоор уг шалгалтыг зохион байгуулсан бөгөөд холбогдох баримт бичиг, техникүүдийг хурааж авсан байна.
Ер нь тус хэлэлцээртэй холбоотойгоор ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал Засгийн газрын түвшинд яригдаад эхэлсэн, тун удахгүй чөлөөлж магадгүй талаар эх сурвалжууд мэдээлж эхлээд байна.
Засгийн газар дээр Л.Бямбасүрэнгийн асуудал яригдах болсон гол шалтгаан нь Засгийн газрын гаргасан бодлогын эсрэг ажилласан, хувийн компанид давуу эрх олгосон. Тэр хувийн компани нь ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай хамааралтай гэх мэдээлэл давхар хэвлэлээр цацагдаж байна. Дашрамд сануулахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн дөрөвдүгээр сард л ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд хариуцлага тооцохыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт анхааруулж байсан. Тэрбээр,"Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцдэг төрийн албан хаагч гэж байж болохгүй. Тэр ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд анхааруул. Том толгойлсон нөхдөд хариуцлага тооцох хэрэгтэй. Л.Халтар сайд шаардлагатай бол ажлаас нь чөлөөл. Их олон юм сонсогдоод байгаа шүү" хэмээн ажлаас нь чөлөөлөх үүрэг өгч байв. Гэвч Л.Халтар сайд чөлөөлөхгүй явсаар өнөөдрийг хүрч, эцэст нь өөрийнх нь байр суурь ганхах дээрээ хүртэл тулав.
Тиймээс АТГ-ынхан шалгалтын ажил зохион байгуулахдаа ИНЕГ-аас гадна ЗТХЯ дээр давхар нэгжлэг хийсэн юм. Араасаа асуудал дагуулаад буй өнгөрсөн сарын 26-ны өдөр болсон "Агаарын хэлэлцээр"-т ЗТХЯ, ИНЕГ, МИАТ-ын төлөөллүүд оролцсон билээ.
Г.Лхагвадорж