Хөдөө орон нутгаас ирж буй малын махыг шаардлага хангасан зах, худалдааны төвүүдээр худалдаалах ажлыг зохион байгуулж байна
Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/588 дугаар захирамжаар Нийслэлийн иргэдийг эрүүл аюулгүй стратегийн хүнсээр хангах зорилгоор нийслэлийн хэмжээнд мал, амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүнийг 2021.08.01-ний өдрөөс эхлэн ил задгай худалдаалахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллах шийдвэр гарч НМХГ, НЦУГ, НМЭГ, НХХААГ-т болон дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгаж, хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Хотын Ерөнхий менежерт Т.Гантөмөрт үүрэг болгосон.
Тус захирамжийн хүрээнд хотын Ерөнхий менежерийн 2021 оны А/176 дугаар тушаалаар байгуулагдсан мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг 2021 оны 08 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн Тэнгэр, Амгалан, Чингэлтэй дүүргийн Хүчит шонхор, Нарантуул-2, Хан-Уул дүүргийн Лавай, Баянгол дүүргийн Хархорин худалдааны төвүүдийн удирдлагуудтай хуралджээ.
Мал эмнэлгийн нэгдсэн системийг ашиглан хөдөө орон нутгаас ирж буй малын махыг дээрх зах, худалдааны төвүүдэд агуулах, павилон, лабораторийн хүчин чадлыг үндэслэн хуваарилалт хийхээр төлөвлөсөн байна.