Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Зөрчлийн тухай хуульд заасан дараах гэмт хэргүүд өршөөлд хамрагдахгүй“

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
6 минут 18 секунд

Өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаанаар "Өршөөлийн тухай хууль"-ийг баталсан. Тус хуулийн талаар ХЗХД-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Өршөөлийн тухай хууль батлагдсан. Уг хууль маргаашаас хэрэгжиж эхэлнэ. Хууль хэрэгжиж эхэлснээр 2017 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 00.00 цагаас өмнө, 2020 онд баталсан Эрүүгийн хууль болон 2021 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 00.00 цагаас өмнө, 2015 онд баталсан Эрүүгийн хуульд заасан зарим гэмт хэрэг болон зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд хамаарна. Өршөөлд хамаарах гэмт хэрэг болон зөрчил үйлдсэн хүний хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын болон шүүхээр хянан хэлэлцэгдэх шатанд байгаа хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулсан.

"Өршөөлд хамрагдахгүй гэмт хэрэг"

Ялаас өршөөн хэлтрүүлэхэд, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн, эсвэл нөхөн төлөхөө илэрхийлсэн байхыг шаардана. ФАТФ буюу мөнгө угаах терроризмтой тэмцэх олон улсын байгууллагаас өгсөн зөвлөмж, ФАТФ-ын өмнө Монголын Засгийн газраас амласан амлалтуудын хүрээнд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор нь хөнөөх, зэвсэг дэлгэх, түүнчлэн татвар төлөхөөс зайлсхийх, авлига албан тушаалын гэмт хэрэг, цахим мэдээллийн аюулгүй байдлын гэмт хэрэг зэрэг нь Өршөөлийн хуульд хамрагдахгүй. Мөн хүний бэлгийн эрх, эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг, хүүхдийн эсрэг, эдийн засгийн эсрэг гэмт хэрэг, Үндэсний аюулгүй байдлын эсрэг, Хүн төрөлхтөний аюулгүй байдлын эсрэг, Энхтайваны эсрэг гэмт хэргийг бүлгээр нь, хүнийг алах гэмт хэрэг, галт зэвсэг хууль бусаар бэлтгэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхийн эдийг тариалах, хэрэглэх, орон байраар хангах, мөрийтэй тоглоом зохион байгуулах, нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах, байгаль орчныг бохирдуулах, соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах зэрэг, 38 төрлийн гэмт хэргийг, өмчийн эсрэг гэмт хэргийг болон мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах, цэргийн эд хөрөнгийг санаатай устгах гэмтээх зэрэг 19 төрлийн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг мөн өршөөлд хамруулаагүй.

Түүнчлэн өмнө нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж, хорих ял шийтгүүлсэн хүнийг мөн өршөөхгүй. Өршөөлд хамруулахгүй гэмт хэргийн тодорхой тусгаж, хүн хуулийн этгээдэд эрүүгийн хуулийн 7.4, 7.5, 9.4, 9.5, 9.6 дугаар зүйлд заасны дагуу хэрэглэсэн албадлагын арга хэмжээг өршөөлд хамруулахгүй.

Зөрчлийн тухай хуульд заасан дараах гэмт хэргүүд өршөөгдөхгүй

Байгаль орчин, амьтан ургамлыг хамгаалах журам зөрчсөн зөрчил, үнэт цаас банк санхүү, гааль татвар, мэргэжлийн хяналт, даатгалын журам журмын эсрэг зөрчил, гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил, хог хаягдлын тухай хууль зөрчих, архидан согтууруулахтай тэмцэх зөрчил, садар самуун явдалтай тэмцэх зөрчил, хүүхдийн эрхийг зөрчих, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасан зөрчил, хилийн тухай хууль зөрчих зэрэг нийт 2 бүлэг 38 зөрчлийг өргөөлийн хуульд хамруулаагүй.

Хорих ялаа зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон хүмүүст цахим бугуйвч зүүлгэнэ

Өршөөлд хамруулаагүйгээс бусад гэмт хэрэг үйлдэж, шүүхээс 5 жил түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсвэл эдлээгүй үлдсэн ял нь 5 жил түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих бөгөөд, хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан байнга оршин суух газартаа байхыг шаардана. Өршөөлийн хууль хэрэгжсэнээр шууд ялаас чөлөөлөгдөх нэг хэсэг байна. Мөн тодорхой төрлийн өршөөлд хамрагдах гэмт хэргүүд дээр тус бүрээс нь 2 жилийг хасахаар тусгасан. Түүнчлэн эдлээгүй ялын хугацаа нь 5 жил дотроо байгаа тохиолдолд тухайн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино. Энэ нь Монгол Улсын эрүүгийн эрх зүйн ялын бодлогод өөрчлөлт орж байгаа. Хүн бүрийг шоронжуулахаас илүүтэй сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх, гэр бүлээрээ байх, гэр бүлдээ тэжээн тэтгэх үүргийг нь олгож байна. Зорчих эрхийг хязгаарлах ялаар солигдсон тохиолдолд цахим бугуйвчийг зүүлгэж, тодорхой маршрутаар явж, ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нь олгохоор болж байна.

Өршөөлд хамруулахгүй байснаас бусад төрлийн зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдэж оногдуулсан торгох, баривчлах шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа, эсвэл хэсэгчлэн гүйцэтгэсэн бол үлдсэн хэсгийг нь нэг удаа өршөөн чөлөөлөхөөр зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд холбогдуулан нээсэн. Мөн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор тусгасан.

Маргааш 160 ялтан Өршөөлийн хуулиар чөлөөлөгдөнө. Эдлээгүй үлдсэн ялаас нь 2 жил хасагдаж суллагдах 168 эрэгтэй, 16 эмэгтэй, өсвөр насны 1, нийт 184 хоригдол, нийт суллагдаж байгаа ялтны тоо 344 байна" гэлээ.

Өвөрхангай аймагт 21 настай хоёр залуу аянганд цохиулж, нас баржээ
Өвөрхангай аймагт 21 настай хоёр залуу аянганд цохиулж, нас баржээ
 
Д.Мөнхбат: Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол дахин шинжилгээ хийлгэх хуулийн заалттай. Харин хугацаа алдаагүй
Д.Мөнхбат: Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол дахин шинжилгээ хийлгэх хуулийн заалттай. Харин хугацаа алдаагүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.