Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНАЛИЗ: Нийгмийнхээ стрессээ дийлэхээ болж буй ТӨР ба ШАР ӨНГИЙГ “шүтсэн“ эсэргүүцлийн жагсаал

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 31 секунд

Засгийн газрын эргэж буцсан шийдвэр олон хүнийг бухимдуулж бас хөлдөө чирсэн. Үүнийх нь гороор төв талбайд залуус “No naadam”, “Тэвчээр тасарлаа” гэх уриан дор цуглаж хоёр өдөр засаг төрөө эсэргүүцэв. Нөгөө талд наадам цуцлах шийдвэрийг эсэргүүцэж уяачид морьтойгоо төв талбайд ирж хэсэгхэн “донсолгоод” амжив. Гэвч Ерөнхий сайд "Наадам зохион байгуулахгүй байх талаар жагсаал болдог өглөө ярьсан байсан. Тэр мэдээлэл нь задарч жагсаал зохион байгуулагдаад, нэгэнт гарч буй шийдвэрийг төрөөс нэхсэн" гэх агуулгыг өчигдөр ярив. Бодох л өнцөг. Өөрөөр хэлбэл шар давуу төв талбайд намируулсан жагсаал зохион байгуулагчдын зорилго арай өөр зүйл байсан юм биш биз. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухав гэгчээр Засгийн газар нөхцөл байдалдаа зөв үнэлэлт дүгнэлт хийгээд наадам хийхгүй гэж эрт шийдсэн бол наадамчид бэлдсэндээ бухимдахгүй. Жагсагчид нь "наадмаа боль" гэж бачуурахгүй байв. Морьтой жагсагчдын хувьд гэвэл төрийн тэнэг шийдвэрт аргаа барсандаа л хийсэн үйлдэл. Өөр ямар нэгэн зорилго, үр дүн аль нь ч байхгүй зүйл. Тиймээс тэднийг нарийвчилж яриад нэмэргүй.

Төр засаг нийгмийнхээ стерсс, бухимдлыг дийлэхгүй болох дохио ажиглагдаад удлаа

Наадам эсэргүүцэж буй залуусын дийлэнх нь цэвэр итгэл үнэмшлээрээ жагссан. Ойрын хэдэн жил зохион байгуулагдаагүй органик жагсаал цуглааны нэг байсан гэдэгтэй маргах гэсэнгүй. Харин зохион байгуулагчид нь хэн байв гэдэг л миний хувьд сонирхол татлаа. Жагсаалд Т.Бат-Оргил, С.Эрдэнийн хүү Э.Одбаяр, болон АН талдаа хэсэг залуус ихээхэн идэвхтэй гол дүрд “тоглож” харагдсан. Тэр ч байтугай С.Эрдэнэ хүртэл өөрөө зул өргөж харагдана лээ. С.Эрдэнэ намаа авахын тулд экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хамтарч хоршил үүсгээд их удаж буй. Мөн экс Ерөнхийлөгч маань санаатай санаандгүй твиттерт жагсагчдыг дэмжиж суугаа харагдсан.

Ажилгүйдэл, ядуурал, эрх баригчдын тогтоосон “дабль стандарт”-аас болж бухимдсан иргэд сүүлийн нэг жил гаруй ковидын нөлөөгөөр улам илүү бачимдаж байна. Товчоор бол төр засаг дутуу дулимаг шийдвэр, хариуцлагагүй ажлуудаас болж нийгмийнхээ бухимдлыг дийлэхгүй хэмжээнд юу юугүй хүрлээ. Өмнө нь залуус хэдий бухимдаж, төр засгаа шүүмжилдэг ч өнөөдрийнх шиг талбай дээр хэдэн мянгаараа гарч ирж тэвчээр нь алдарч байсангүй. Дор бүрнээ л ажил хөдөлмөрөө эрхлээд явдаг байв. Байдал энэ хэвээрээ үргэлжилбэл нэг л өдөр илүү том жагсаал, тэмцэл, үйл явдлаар өрнөхийг үгүйсгэхгүй.

Залуучууд энэ он гарснаар хоёр дахь удаагаа үзэл бодлоо илэрхийлж, унхиагүй төрийг шүүмжлэв. Залуучууд дуу хоолойгоо нэгтгэж байгаа нь зөв ч, бусдын гар хөл болох. Цаашлаад зөвийн төлөө эхлүүлсэн тайван жагсаалыг нь гадна, дотныхон буруугаар эргүүлж, “хүслээ” гүйцээх эрсдэлтэйг сануулъя. Бидэнд тийм түүх бий. О.Магнай, Ж.Батзандан нарын тэргүүлж өдүүлж явсан шар өнгийн алчуур хүзүүндээ зүүсэн тэр өдрүүдийг дэлхий “ноолууран хувьсгал” хэмээгээд өнгөт хувьсгалын жагсаалтдаа нэмсэн байдаг. 2008 оны 7 дугаар сарын 1-ний үйл явц эхэндээ бухимдсан иргэдийн шударга үнэний төлөөх зорилго дор эхэлсэн ч таван залуугийн амь эрстэж, өдий төдий хохирол учирсан хар өдөр болж түүхэнд тэмдэглэгдээд дууссан билээ.

Залуусыг уриалан дуудсан жагсаалд ШАР ӨНГИЙН даавуу ашигласан санаа зорилго юу байв

Жагсаалыг нарийн ажиглавал бэлдсэн агуулга хэд хэд ажиглагдав. Нэгдүгээрт, шар өнгийн маш урт даавууг жагсагчид бэлдэж түүн дээр эсэргүүцлийн үгээ бичив. Сайн дураараа өрнөсөн жагсаалд тэр урт шар даавууг ямар зорилгоор хэн, хэзээ бэлдэв гэдэг сонирхолтой. Иймэрхүү залуучуудын эсэргүүцэлд аливаа өнгө орж ирэхээрээ л ямагт асуудал дагуулдаг. Хоёрт, эхний өдрийн орой ямар шалтгаанаар жагсагчид улаан өнгийн утаа / бас л өнгө орж ирсэн / гаргаж, зарим залуус эмх замбараагүй байдал үүсгэж жагсагчдад архи тарааж, машины шил цонхыг хагалав. Цагдаа нарын өөдөөс ямар шалтгаанаар дайрав. Сая бол үнэндээ жагсаалыг буруу тийшээ эргүүлэх гэсэн хэд хэдэн оролдлого гарсан. Гэвч азаар залуус уг өдөөн турхирсан нөхдүүдийн үйлдлийг тоосонгүй. Нөгөө талдаа цагдаагийн байгууллага ч зөв бодлого баримталж ажиллав гэж ажиглагдлаа. Хэрвээ өдөөн турхиралтын өөдөөс хүч хэрэглэж таслан зогсоосон бол бухимдсан залуус жинхэнээсээ цагдаагийн байгууллагатай “халз” тулж мэдэхээр байв. Гэхдээ дараагийн удаа байдал хүндэрвэл цагдаа авдаг арга хэмжээгээ авна. Хүссэн хүсээгүй хууль сахиулна. Өөр арга байхгүй. Тэр үед нийгмийн стресс улам л нэмэгдэх вий. Өчигдөр гэхэд л нэг иргэн анхны тусламж авч чадахгүй байсаар ковидоор эмнэлгийн гадаа таалал төгссөн маш харамсалтай хэрэг гарлаа. Өөрөөр хэлбэл нийгмийн уур амьсгал өдрөөс өдөрт л хүндэрч байна.

Тиймээс дараагийн удаа залуучууд маань үзэл бодлоо илэрхийлэхдээ бодолтой, бусдын өдөөн хатгалгад автахгүй байх нь нэн чухал. Өөрөөр хэлбэл, би юуны төлөө жагсаж байгаа вэ гэдгээ маш сайн ухамсарлаж, зөвхөн өөрийнхөө зөв гэж бодсон зүйлийн төлөө санаа бодлоо илэрхийлж, түүнийхээ үр дүнд хүрдэг байх хэрэгтэй. Саяын хоёр өдрийн жагсаалд манай залуучууд маш ухаантай, ёс суртахуунтай оролцож байсныг зориуд тэмдэглэж байна. Хэрвээ та бүхэн “Төрийн орднын хаалгыг хаая, ахиад нэг ордныг тойръё” гэдэг үгэнд ороод хуулиас давсан хэм хэмжээнд хүрсэн бол нөхцөл байдал яаж ч эргэж мэднэ. Эцэст нь иргэд хохирч, эрх баригчид болон улс төрийн хүчнийхэн ойлголцсоноор өнгөт хувьсгал дуусдаг юм. Тиймээс аливаа жагсаал цуглааныг хэн хамгийн их уриалан дуудаж, өдөөн турхирч, хэн дэмжиж, хэний талын хүмүүс голлож зохион байгуулж байгааг маш анхааралтай ажиглаж байх ёстой шүү залуусаа.

​​​​

ЦЕГ: Нас барсан иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлсэн эсэхийг шалгаж байна
ЦЕГ: Нас барсан иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлсэн эсэхийг шалгаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.