Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 11,540 орчим хүнээс шинжилгээ авахад 2642 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 85,770 болов.
Монгол Улс нэг сая хүн тутам дахь халдварын тоо болон нас баралтаараа дэлхий тэргүүлээд эхэлчихсэн. Нөгөө талдаа улсын хэмжээнд нийт 1,676,911 иргэн вакцины бүрэн тунд хамрагдсан байхад халдварын тоо буурах биш улам л нэмэгдээд байна. Энэ бүгд чинь Эрүүл мэндийн байгууллага, Засгийн газрын үйл ажиллагаа “бай”-гаа онохгүй, асуудлаа шийдэж чадахгүй байгаагийн тод илрэл. Иргэд өнгөрсөн 7 сарын турш Засгийн газраас гаргасан шийдвэр бүрийг харьцангуй дуулгавартай дагаж, мөрдөж ирлээ.
Гэтэл Эрүүл мэндийн яам халдвараа бууруулах ажлаа эрчимжүүлэхийн төлөө ажиллахаас илүүтэй шоу, энтертаймэнт руугаа анхаараад эхэллээ. Тодруулбал, өнөөдөр АСА станц хэмээгээд Асашёорюү Д.Дагвадоржийг 11 цагийн мэдээлэлдээ оруулаад ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөртэй ярилцлага хийлгэж харагдах юм.
Оролцож буй Аса аваргыг буруутгах зүйл алга. Утгаа алдсан цар тахлыг зогсоохдоо анхаарах биш, өөрсдийгөө хэрхэн гоё харагдуулах вэ гэдэгтээ л анхаарч суугаа Засгийн газар, Эрүүл мэндийн яам хоёрыг гайхаад барахгүй юм. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар асуудлыг өөрсдөөсөө байнга зайлуулж байгаа. Одоо шүүмжлүүлээд эхлэхээр иргэдийн анхаарлыг татаж мэдээллээ хүргэх гэж байна гэсэн ядмаг тайлбарыг өгнө. Эсвэл Эрүүл мэндийн яам, салбарын сайдыг нь буруутгаад "туг" тахиад өнгөрчихнө биз.
Цар тахал хил хязгаараа давчихсан хүнд хэцүү үед энэ инээдэм ханиадам, элдэв дээдийн тавилттай шоу драмууд чинь хэрээс хэтэрлээ. "Карантин 14", "Мэдээллийн урсгал" гэх зэргээ энтертаймэнтуудаас чинь иргэд үнэндээ залхаж байна. Өнгөрсөн хугацаанд та бүхний авч хэрэгжүүлсэн ажлуудаа чинь бүгд нуран унаж байхад юун шоу, юун энтертаймэнт вэ.
Үүнээс гадна УОК-с гаргаж байгаа шийдвэрүүд нь марзан гэхэд дэндүү марзан. Иргэд хоолын газруудад маскгүй үйлчлүүлээд байгаа учраас хоолны газруудыг 7 хоногийн турш хаана гэх мэтчилэн. Ганц хоолны газруудаас л халдвар тархаад байгаа хэрэг үү. Эсвэл ганцхан хоолны газруудыг 7 хоног хаачихвал халдварын тоо буурчих юм уу. Сүүлдээ засаг төрийг ч, цар тахлыг ч ойлгохоо байлаа. Ямар ч байсан ард түмнийг доромжилсон наад утгагүй шоу, энтертаймэнтаа болиорой. Үүнд зарцуулж байгаа мөнгөө вакцин худалдаж авах, нэг ч гэсэн амьсгалын аппарат авахдаа зарцуулаарай.