Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудлыг шийдвэрлэлээ. Тодруулбал,
Агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар дараах арга хэмжээг авна
Аялал жуулчлал болон агаарын тээврийн салбарыг богино хугацаанд эргэн сэргээх, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий Агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргахаар болов.
Тогтоолд агаарын тээвэр болон аялал жуулчлалын салбарыг харилцан уялдаатай хөгжүүлэх чиглэлээр хамтарсан төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, жуулчин тээврийн нислэгийн тоо, давтамж, чиглэлийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар аялал жуулчлалын зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах зохицуулалт бүрдүүлэхээр тусгалаа.
Мөн аялал жуулчлалыг дэмжих тусгай тарифын бодлого баримталж, гадаадын улс оронд сурталчлан таниулах, жуулчны урсгал, зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан шинээр нислэгийн чиглэл нээх, нислэгийн суудал ашиглалт үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх юм байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг зарим аймагт байгуулна
Архангай, Дархан-уул, Дорнод, Дундговь, Ховд, Хөвсгөл аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүнд эрүүл мэнд, нийгмийн сэргээн засах цогц тусламж, үйлчилгээ үзүүлэх, тэдний хөгжлийг дэмжих чиг үүрэг бүхий “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулна.
Дээрх аймгуудад төвийн барилгын ажлыг эхлүүлж, ажиллах боловсон хүчнийг бэлтгэж байна. Төвүүдийн үйл ажиллагааг 2022 оноос эхлүүлэхээр төлөвлөжээ.
Товч мэдээ
· Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн Манлай баатар Жамсрангийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 150 жилийн ойг 2021 онд тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүн, арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа.
· Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
· Монгол Улсын Засгийн газар, гадаад улсын Засгийн газар хооронд байгуулсан худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажилагааны Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн удирдах бүрэлдэхүүнийг хэлэлцэн батлав. Бүгд Найрамдах Сингапур Улс, Шинэ Зеланд Улс, Бүгд Найрамдах Эстони Улс, Бүгд Найрамдах Куба Улс болон Өмнөд Америкийн зарим улстай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Засгийн газрын түвшний хамтарсан механизм байгуулах чиглэлээр ажиллахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.