Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийв. Тэрбээр төсөвт тодотгол хийх эсэх асуудалд "Бид тодотгол хийдэг хуультай. Гэнэт нэг өдөр сэтгэл хөдлөлөөр шийддэг юм биш. Тодотгол хийх таван нөхцөл байдал байдаг. Одоогоор тодотгол хийх эдийн засгийн зайлшгүй нөхцөл шаардлага бүрдээгүй байгааг шулуухан хэлье. Долдугаар сарын 1-нээс 6-8 төрлийн эдийн засгийн арга хэмжээний үйлчлэл дуусч байгаа. Тодруулбал, дулаан цахилгаан, хүүхдийн мөнгө, олон татварын хөнгөлөлт зэрэг бий. Үүнийг маш сайн судалж байгаад алийг нь үргэлжлүүлэх, алийг нь үргэлжлүүлэх шаардлагагүй вэ гэдэг шийдвэрээс шалтгаалж, төсөвт тодотгол хийх эсэх нь шийдэгдэнэ. Шийдвэрээ ойрын хугацаанд гаргана" гэлээ.