ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж Засгийн газрын 100 дахь хоногийн ажлын танилцуулгын үеэр Э.Бат-Үүлийг С.Зоригийн хэргийн захиалагч гэж хэлсэн. Энэ асуудалд АН-ын гишүүн, Улсын баатар Э.Бат-Үүл мэдэгдэл хийж байна. Тэрбээр:
"Би энд тайлбар хийх гэж ирээгүй, мэдэгдэл хийх гэж ирсэн. 2019 оны дөрөвдүгээр сард миний бие Хууль зүйн сайдын нэр дээр намайг С.Зоригийн хэрэгт санаатайгаар холбогдуулж байгаа цаад эздийг олж өгөн үнэнийг тогтоож өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Ерөнхий прокурорт мөн тавьсан. Прокурорын байгууллагын зүгээс Нийслэлийн прокурорт шилжүүллээ гэсэн хариу ирсэн. ХЗДХЯ-ны ТНБД Г.Билгүүний гарын үсэгтэй хариу ирсэн. Мөн Ерөнхий болон хяналтын прокурорын хариунууд ирсэн. Өнөөдрийн хүртэл би хэргийн хариуг хүлээж суугаа юм. Сүүлийн үед ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн ярьж байгаа зүйлсийг сонсоод байхад би дээрх хүсэлтээ буруу хүнд хаягласан юм байна гэж бодлоо. Ц.Нямдорж С.Зоригийн бүрэлгэсэн хэргийн захиалагч байж болзошгүй маягтай санаа бүхий зүйлүүдийг хэргийн хянан шалгах үйл ажиллагаанд оролцож байсан албаны хүмүүс ярьж байсан явдлыг үндэслэлтэй юм болов уу гэж бодож байна. Өөрөөр хэлбэл Ц.Нямдорж энэ хэргийн захиалагчтай холбоотой байж болзошгүй бодол төрөх боллоо. Ингэж үзэх гурван үндэслэл байна.
-Нэгдүгээрт, Ц.Нямдорж Хууль зүйн яамыг 20 жил толгойлсон хүн. Ц.Нямдорж шиг удаан хугацаанд Хууль зүйн сайд байсан хүн байдаггүй. ХЗ-ийн сайд, УИХ-ын дарга байсан хүний хувьд Монгол улсад хэнбугай ч байсан хуулинд захирагдах ёстой гэдгийг сайн мэдэх ёстой. Хуулинд нийцэж ажиллах талаар сайн мэдэх ёстой. Гэтэл өнөөдөр энэ хүн сандраад, тэвдээд, самгардаад хуулийг уландаа гишгэж байна. Өөрийгаа Монголын хуулиас дээгүүр тавьж байна.
-Хоёрдугаарт, Ц.Нямдоржийн хэлж ярьж байгаа зүйл нь үнэхээр галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм. Ямар ч логик, авцалдаагүй зүйл ярьж байна. Алуурчны үгийг өргөж авч ирээд ярьж байна. Энэ хүний сэтгэц зүгээр байгаа даа гэсэн сэжиг төрөх боллоо.
-Гуравдугаарт, Ц.Нямдорж энэ үйл ажиллагаагаа би хүний эрхийн төлөө тэмцэж байна гэж худлаа шааж байна. Ц.Нямдорж хүний эрхийн төлөө тэмцэж байгаагүй. Хүний эрхийг чангалахын төлөө ажилладаг байсан.
Энэ хэргийн захиалагчтай Ц.Нямдорж холбоотой гэдэг миний хардлага үнэн байх юм бол С.Зоригийг бүрэлгэсэн хэрэг гаднын захиалгатай гэсэн үг. Ц.Нямдоржийг гадны тусгай албатай холбоотой гэдгийг тухайн үеийн тагнуулын байгууллагын удирдлагууд мэдэгдэж байсан. Ингэж мэдэгдсэнийхээ төлөө улсын нууц задруулсан хэргээр шоронд орж, ял сонссон. Тэр хүмүүсийг Ц.Нямдоржийг гүтгэсэн гэдгээр мөн ялласан" гэв.