Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч Х.Баттулга өлсгөлөн зарлаж буй АН-ын бүлгийн гишүүдтэй нэгдэх гэж байна уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 9 секунд

СЕХ нь Улсын дээд шүүхээс авсан С.Эрдэнийг АН-ын дарга хэвээрээ гэсэн бичгийг дарж хэвтчихэж байгаад сүүлийн мөчид С.Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгэх магадлал өндөр болоод байна. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд талбай дээр өлсгөлөн зарлаад хоёр шөнийг үдлээ. Улс төрийн нөхцөл байдлыг товчоор дүгнэвэл, АН-ын УИХ дахь бүлгийн шинэ, хуучин бүх гишүүд нь С.Эрдэнийн эсрэг байгаа. Тэд МАН-ынхан эрх мэдлийн хүчээр далайлгаж, "зөөлөн боорцог" С.Эрдэнээг АН-аас захиаллаа гэж буруушааж байна. Харин Ардын нам үүнд нь туйлын эгдүүцэж, "Намын дотоод асуудал, бузар булайгаа өөрсдөө цэгцэл. Битгий бидэнд нялзаа" гэсэн байр сууринд хатуу зогсож эхлэв. ҮАБЗ-ийн хурлаар үг асуудлыг хэлэлцэхэд Ерөнхий сайд хүртэл АН-ын асуудалд төрд хамаагүй гэдэг байр суурь илэрхийлж, Ерөнхийлөгч Х.Баттулгатай ширүүхэн маргасан сурагтай байсан. Өөрөөр хэлбэл, МАН сонгуулийн эгзэгтэй цаг мөчид өрсөлдөгчдөдөө найр тавьж өгөхгүй хүсэхгүй байна гэсэн үг юм.

Тэгвэл улс төрийн өргийг улам сонирхолтой болгохоор Ерөнхийлөгч Х.Баттулга уг өлсгөлөнгийн асуудалд "оролцох" бололтой.

Албаны бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар Ерөнхийлөгч Х.Баттулга ҮАБЗ-ийн дараагаар "Хэрвээ Н.Алтанхуягийг нэр дэвшигчээр бүртгэж, өлсгөлөн зарлаж буй АН-ын гишүүдэд анхаарал хандуулахгүй юм бол би өөрөө талбай руу хамт гарна шүү" гэх агуулгатай зүйлийг Ерөнхий сайдад хэлсэн гэнэ. Хэрэв энэ үнэн бол өлсгөлөн зарлаж буй УИХ-ын гишүүд дээр Ерөнхийлөгч Х.Баттулга нэмэгдэж, МАН-ыг эсэргүүцэх бололтой. Төр түмний эв нэгдэл, улсынхаа гадаад дотоод нэр хүндээ бодсон ч гэсэн ийм зүйл байх боломжгүй. Гэхдээ үнэхээр нэг нам нь дэндүү хүч түрээд байгаа юм бол үүнээс өөр арга тэдэнд үлдээгүй бололтой.

Мөн зарим эх сурвалжууд АН-ын ойрын хугацаанд Онц их хурлаа хуралдуулахаар ярилцаж, аймаг болгонд улс төрийн өлсгөлөн суулт зарлаж эсэргүүцлээ орон даяар зохион байгуулах гэж байна гэх мэдээллийг ч онцолж байна. Уг нь улс төрийн агуулгаар нь харвал төрийн эрх барих дээд байгууллагад байгаа 13 гишүүн, намын бүлгээр нь тухай намыг төлөөлж үзэх бүрэн боломжтой. Үндсэн хуульд хүртэл УИХ-д суудалтай нам, эвсэл Ерөнхийлөгчид хүнээ нэр дэвшүүлнэ гээд заачихсан байгаа. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ талынхан болон эрх барьж буй намууд эдгээр өлсгөлөн зарлаж буй гишүүдийн санал бодлыг сонсож, хүндэтгэн үзэх хэрэгтэй. Үнэхээр Ерөнхийлөгч шударга ёс, хуулийн эрх тэгш байдлын төлөө, нэг намын дарангуйллын эсрэг гээд талбай дээр гарч ирээд өлсгөлөн зарлаад суучихвал энэ улс юу болох вэ. Төр засаг цаашаа чухам ямар нөхцөл байдалд ажлаа үргэлжлүүлэх вэ. Магадгүй ковид, хөл хорионоос болж эдийн засаг, сэтгэл зүй гээд бүх зүйлээрээ эцэж туйлдсан ард түмэн уур бухимдлаа дийлэхгүй Ерөнхийлөгчөө дагаад гараад ирвэл хэн хариуцлага хүлээх вэ. Тиймээс эрх баригчид болон С.Эрдэнэ, СЕХ гээд асуудалд холбогдогч талууд бүгд энэ асуудалд маш нухацтай хандах нь зүйтэй. Дахиад хэлэхэд бидэнд дараагийн долдугаар сарын нэгэн хэрэггүй. Асуудлыг хүч түрж биш ойлголцож давах хэрэгтэй.

Г.Лхагваа

У.Номундарь: 2019 онд НҮБ-ын индэр дээрээс тавьж байсан илтгэл дээрх нөхцөл байдал одоо ч хэвээр байна
У.Номундарь: 2019 онд НҮБ-ын индэр дээрээс тавьж байсан илтгэл дээрх нөхцөл байдал одоо ч хэвээр байна
 
ОХУ-ын Санкт-Петербург хотноо Гирийн спортын Дэлхийн цомын тэмцээнд Монгол тамирчин Төрийн далбаагаа мандууллаа
ОХУ-ын Санкт-Петербург хотноо Гирийн спортын Дэлхийн цомын тэмцээнд Монгол тамирчин Төрийн далбаагаа мандууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.