Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч дарга Р.Чингис нар Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны цэгүүдэд очиж, иргэдийг дархлаажуулах ажилтай танилцав.
Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ:
“Нийслэлд нийт 120 цэг, явуулын 40 цэг ажиллаж вакцины II дахь тунг хийж байна. Өдөрт 60 мянга орчим хүнийг дархлаажуулалтад хамруулахаар ажиллаж байна. Хүлээлт байсан учраас цэгүүдэд дараалал багагүй үүсч байгаа асуудлууд гарсан. Цаашид вакцины татан авалтыг тогтмол хийж, олон нийтэд хүндрэл учруулахгүй байхаар зохицуулалтыг Засгийн газрын зүгээс хийж ажиллана.
Вакцинжуулалтын явцын нөхцөл байдал, хуваарь, худалдан авалт, нийлүүлэлт, хувийн аж ахуй нэгжүүдээс ирүүлж буй санал хүсэлтийг шийдвэрлэсэн байдал зэрэг вакцинжуулалттай холбоотой асуудлуудаар Шадар сайд, Эрүүл мэнд, Гадаад харилцааны сайд нартай хуралдаж татан авалтыг хурдан хийх тал дээр яаралтай зохицуулалтыг хийнэ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад БНЭУ-д үйлдвэрлэсэн "АстраЗенека", БНХАУ-ын "Синофарм" үйлдвэрийн "Вероцелл" зэрэг вакцины татан авалт хийгдэж байна. Вакцины хоёрдугаар тунг 28-56 хоногийн зайтай хийлгэх заалттай учраас Улаанбаатарт зургадугаар сарын 1-н гэхэд нэг сая иргэн вакцинжуулалтын хоёрдугаар тунгаа бүрэн хийлгэж дууссан байхаар ажиллана. Вакцинжуулалтыг төлөвлөсөн хуваарийн дагуу явуулахад төсөв санхүүгийн хувьд бүрэн шийдэгдсэн хэдий ч татан авалтын хугацааны графикт өөрчлөлт орсон нь удаашрал үүсгэж байна” гэв.