Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улс 1 сая тутмын ковидын халдвараар дэлхийд тэргүүллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 59 секунд

   Нэг сая тутамд ногдох халдвараараа манай улс эх дэлхийгээ тэргүүлээд эхэлжээ. Болдог бол баяр хүргээд алга тачихмаар ч юм шиг. Өнгөрсөн хугацаанд халдвар алдаагүй гэдгээрээ дэлхийд тэргүүлж байсан бол өнөөдөр эсрэгээрээ тэргүүлчихлээ. 

        Энэ талаар Урбан жинсийг үүсгэн байгуулагч Д.Соронзонболд өөрийн цахим хуудснаа өгүүлжээ. Үнэхээр өнгөрсөн бүтэн нэг жилийн хугацаанд авч хэрэгжүүлсэн бэлтгэл муу байв уу. Ковид орж ирээгүй байхад баахан сүржин мэдэгдэл, арга хэмжээ, цол гуншин олгож явсан эрх баригчид яг цаг нь ирэхээр "шаварт" суучихлаа. Дотоодын халдвараа дийлэхээ байлаа. Эмнэлэг, ор, амьсгалын аппарат, вакцины хайрцаг, тусгай зориулалтын хувцас гээд ковид "галзуурахад" ашиглах бүх юм нь зуун задгай байна.

 Тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнээс гадна манай эрүүл мэндийн салбарыг хэр түвшинд дампуурсан гэдгийг ковид алган дээр тавьсан мэт үзүүлчихлээ. Шинжилгээний бичиг хуурамчаар үйлдэж зардаг, нэг иргэн товчоон дээр ковидоор биш эмнэлгийн байгууллагын хариуцлагагүй байдлаас болж нас барсан, дөнгөж төрсөн эмэгтэйг өвлийн дүн хүйтэнд дан хувцастай зөөвөрлөсөн, бүхэл бүтэн нэг дүүргийн эмнэлэг хариуцлага алдаж тархалтыг ихээр нэмсэн. Мөн жирийн иргэд гэр бүлийнхэнтэйгээ салах ёс гүйцэтгэж чадахгүй байхад УОК-ын дарга, Шадар сайдынх нь эхнэр улаан бүс рүү дураараа орчихоод гараад ирдэг гээд ковидын эмнэлгийн салбарын, төрийн эрх мэдэлтнүүдийн бугшсан бүхий л зүйлийг ил болгочихлоо.

      Сүржин уриа, дахин дахин хөл хорионыхоо "хөлд" иргэдээ, бизнес эрхлэгчдээ чирсээр хамтдаа ангал руу унах нь. Одоо эмнэлгүүд нь халдвар авсан иргэдээ хүлээж авч дийлэхгүй,  гэрт нь тусгаарлаж байна. Өнгөрсөн хэд хоногт гэртээ тусгаарлагдаж байгаад хэд хэдэн иргэд нас барлаа. Энэ бол цэвэр төрийн хариуцлагагүй байдал. Эмнэлгийн байгууллагуудын мэргэжил арга зүйн дутагдал.

    Яах учраа олохгүй тэд одоо хөл хориог дахиад сунгах талаар ярилцаж байна. Энэ хөл хорионы  15 хоногийн хугацаанд халдвар буурахгүй, харин нас барагсдын тоо нэмэгдэнэ гээд байна.

      Ядаж байхад өчигдөр тэр халдваргүйжүүлэлт хийж байгаа царайг нь харчих. Нян, халдвараа устгах биш дарга, дорго нартаа үзүүлж, сошиалдаа жиргэх зургаа авахуулж байх юм. Эрүүл мэндийн салбарт бодлогын, менежментийн шинэчлэл хийхээс өөр гарц алга. Ковидын үед л бид ингэж энэ бүх үйл явцыг цочир хараад байгаа болохоос биш өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбарын дампуурал дундуур бид танил тал хайсан байдалтай орж гарч ирсэн.

Ч.Ган

 

ЛаМаркус Алдриж NBA-ээс зодог тайллаа
ЛаМаркус Алдриж NBA-ээс зодог тайллаа
 
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.