Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт амьдарч байсан 11 настай хүү бусдын хүчирхийлэлд өртсөн хэрэг гарч, нийгэмд багагүй шүүмжлэл дагуулсан. Тухайн үед хохирогч хүүг түүнтэй нэг өрөөнд хамт амьдардаг 14 болон 16 настай хоёр хүү бэлгийн хүчирхийлсэн үйлдсэн гэх мэдээлэл гарч байсан юм. Улмаар шалгалтын явцад нэмж нэг хохирогч, нэг хүчирхийлэл үйлдсэн хүүхэд тогтоогдсон байна. Дээрх хэрэг хоёр хохирогч, гурван холбогдогчтойгоор мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, гэм буруугийн шүүх хуралдаан товлогдох шатанд явж байгаа аж.
Хүчирхийлэлд өртсөн хоёр хүүхдийг Хүүхэд хамгаалах төвд хүргэн, сэтгэл зүйн засал эмчилгээ хийх арга хэмжээ авчээ. Мөн уг хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхдүүдийг соён гэгээрүүлэх, төлөвшүүлэх чиглэлд ажиллаж байгаа юм байна.
Нийслэл Улаанбаатар хотод асрамж, халамжийн 28 төвд 878 хүүхэд байна. Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт өнөөдрийн байдлаар 74 хүүхэд амьдарч байна. Тус цогцолборт нийслэлийн хэмжээнд эцэг эхийн хараа хяналтаас гарч, хүнд нөхцөлд амьдардаг, хагас болон бүтэн өнчин 4-21 насны хүүхэд, залуучууд амьдардаг. Дээрх хүүхдүүдийг нэг ээлжид есөн багш харж ханддаг аж. Албаныхны үзэж буйгаар төвд байгаа хүүхдийн тоо, тэдэнд анхаарал халамж тавих багш нарын тооноос хэт давсан байгаа нь дээрх хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэжээ. Тиймээс уг асрах байрны удирдлага аль болох хүүхдүүдтэй тулж ажилладаг албан хаагчдынхаа тоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллахаа мэдэгдсэн байна.