Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН бүлэг: Ерөнхийлөгчийн тавьсан гурван хоригийг хүлээн авах боломжгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 46 секунд

МАН-ын бүлгийн хуралдаж, мэдээлэл хийлээ. Энэхүү хурлаар дөрвөн асуудлыг хэлэлцжээ. Эдгээр асуудал нь Монгол Улсын Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх талаар болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан гурван хоригийн талаар байсан аж. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригууд: 

  • Авилгын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчилсэн хориг
  • Шүүхийн тухай хуульд хэсэгчилсэн хориг
  • Монгол Улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон дагалдах хуулиудад хэсэгчилсэн хориг тавьсан юм. 

Эдгээр хоригийг хүлээн авах боломжгүй хэмээн МАН-ын бүлэг үзсэн байна. 

Авилгын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд тавьсан хэсэгчилсэн хоригийн талаар

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Авилгын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд тавьсан хэсэгчилсэн хоригийг хэлэлцсэн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр “Энэхүү хуульд хоёр өөрчлөлт орсон.

  • Өмнө нь АТГ-ын даргыг өмнө нь Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ 6 жилийн хугацаагаар томилдог байсныг Монгол Улсын Ерөнхий сайдын томилсноор УИХ томилодог болсон. Энэ заалтад Ерөнхийлөгч хориг тавьсан.
  • АТГ-ын дэд даргыг өмнө нь Ерөнхийлөгч санал болгодог байсныг АТГ-ын дарга өөрөө дэд даргаа санал болгож УИХ-аар оруулж томиуулдаг эрх зүйн өөрчлөлт орсонд Ерөнхийлөгч хориг тавьсан.

Эдгээр хоригийг МАН бүлэг хүлээн авах боломжгүй хэмээн үзлээ. Хүлээн авахгүй байх хоёр үндэслэл бий. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн дагуу хийгдэж буй өөрчлөлт. 2019 онд Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд өөрчлөлт оруулсан. Энэ заалтаар Ерөнхийлөгчид Үндсэн хуульд заагдсанаас өөр чиг үүрэг хуулиар олгохыг хориглосон. 33 дугаар зүйлд 8 чиг үүрэг бий. Үүнийг л Ерөнхийлөгч хэрэгжүүлнэ. Тиймээс Авилгын эсрэг хуулиар, Төрийн албаны хуулиар Ерөнхийлөгчид эрх мэдэл олгохыг хориглосон. Хоёрдугаарт, Үндсэн хуульд гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үүрэг зөвхөн Засгийн газарт ногдсон. Тийм учраас Ерөнхий сайд АТГ-ын даргыг санал болгох өөрчлөлт оруулсан.

Сүүлийн үел АТГ-ыг Засгийн газрын харьяанд оруулсан мэтээр хэвлэлүүд бичиж байна. Энэ байгууллага өмнө нь УИХ-ын харьяанд байсан. Одоо ч хэвэрээ байгаа” гэв.  

Шүүхийн тухай хуульд хэсэгчилсэн хориг тавьсан талаар

Шүүхийн тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсан. Үүнийг хэлэлцээд ямар шийдвэрт хүрсэн талаар уг хуулийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Энхбаяр тайлбар өглөө.

Тэрбээр “Өнөө өглөө Ерөнхийлөгчөөс ирүүлсэн хоригийг хоёр үндэлэлээр хүлээн авах боломжгүй хэмээн үзэж байна. Нэгдүгээрт, Монгол Улсын Шүүхийн тухай хууль нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд шинэчлэгдсэн. Ерөнхийлөгч Шүүхийн тухай хуулийг батлах явцад ажил хэрэгч, бүтээлч оролцсоныг та бүхэн мэдэж байгаа. Хууль санаачилсан ч түүнийгээ эргүүлэн татсан. Ажлын хэсэгт 35 зүйл бүхий 100 хуудас санал ирүүлсэн. Эдгээр саналынх нь 98 хувийг ажлын хэсгийн хүрээнд хүлээн авч УИХ баталсан. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн идэвх санаачилга, бүтээлч байдал шингэсэн хууль батлагдсан. Хүлээж аваагүй 2 хувь нь юу байсан бэ гэдгийг та бүхэн сонирхож байгаа байх. Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд заасан эрх мэдлээс Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хэтрүүлэх боломжгүй. Ерөнхийлөгчид байсан эрх мэдлийг УИХ булаагаад авчихсан юм биш. Монгол Улсын Ерөнхийлөгч бүх шатны шүүгчийг томилох эрх хэвээрээ байгаа. Харин Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн ёс зүйн хорооны бүх гишүүдийг 100 хувь томилдог байсныг нь 50 хувь болгож, 50 хувийг нь нийт шүүгчдийн санал хураалтаар томилдог болгосон. Ингэснээр шүүгчид шүүх эрх мэдлээ хамгаалах боломжийг олгож байгаа юм” гэв.

Монгол Улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон дагалдах хуулиудад хэсэгчилсэн хориг тавьсан талаар

Монгол Улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон дагалдах хуулиудад Ерөнхийлөгчийн тавьсан хэсэгчилсэн хоригийг хэлэлцсэн талаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар тайлбар хийлээ.

Тэрбээр “Монгол Улсад гүйцэтгэх эрх мэдэл хэрэгжихгүй байгааг олон удаа ярьж байсан. Шийдвэр гаргаад байдаг. Үндэсний түвшинд хийдэг ч орон нутагт гүйцэтгэл байдаггүй. Энэ нь томилгоотой холбоотой. Хэтэрхий ИТХ-ын эрх мэдэлд томилгоог төвлөрүүлсэн байсан. Тэгсэн мөртлөө төсөв санхүүг зарцуулах эрх мэдлийг төр засгийн газар төвлөрүүлсэн байсан. Энэ хүрээнд Ерөнхий сайд дээд шатны Засаг дарга, доод шатны Засаг даргаа санал болгох эрхийг нээж өгсөн. Мөн төрөөс тавих хяналтыг тодорхой болгож өгсөн. Ерөнхийлөгчийн хоригт төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна гэсэн зарчмыг хуулийн зорилго болгосон нь буруу гэсэн байсан. Нэгдсэн улсын хувьд төрийн байгууламжийн хувьд хуваагдашгүй. Сүүлийн үеийн бодлого төв Засгийн газрын нэгдмэл байдлыг хангахад чиглэж байгаа. Мөн нам төвтэй байдлыг буруутгасан байгаа. Аль ч улс оронд сонгуульд ялсан нам нь ард иргэдийнхээ итгэлийг авч, төр засгийн бодлогыг явуулах эрхийг авдаг. Төр засгийнхаа бодлогыг ялсан намын бодлого гээд хүлээж авахгүй байх юм уу. Тэгэхээр сэтгэл зүйн хувьд Үндсэн хуулийн бус алхам хийж, эдгээр хуулийн хүчийг сулруулах алхам гэж Ерөнхийлөгчийн хоригуудыг харж байгаа” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шүүхийн тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шүүхийн тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.