Үе үеийн УИХ-д сөрөг хүчин суулт хийдэг уламжлалтай. Харин өнгөрсөн парламентын үед эрх баригчид дотроосоо суулт хийж шинэ түүх эхлүүлсэн байдаг. Эргэн сануулбал УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан нарын гишүүд суулт зарласан. Улмаар суулт хүрээгээ тэлж сүхбаатарын талбайн жагсаал болон өргөжиж зорьсондоо хүрсэн түүхтэй. Тэдний эхлүүлсэн суулт М.Энхболдыг суудлаас нь буулгаж чадсан байдаг.
Үүнээс өмнө буюу 2012-2016 оны парламентын үед МАН-ынхан буйдантай суулт хийж байсан. Тухайн үед 26 суудалтай байсан МАН бүлэг байгуулж чадахгүй байв. УИХ-ын дарга З.Энхболд “анхдугаар чуулган дээр бүлэг байгуулснаа зарлах ёстой. Хугацаа хоцорсон учраас шийдвэрлэх боломжгүй гэж” гүрийсээр тэднийг нэлээд чангалсан түүхтэй. Мөн удалгүй өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшиж сонгуульд ялалт байгуулаад байсан С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг шүүхийн шийдвэрээр нэр дэвшигчээс хасч оронд нь Г.Батхүү, Д.Зоригт нарын тангарагыг өргүүлэхээр болсон нь МАН-ынханы эсэргүүцэлтэй тул тэд ийнхүү буйдантай суулт хийж байв. Тэднийг суулт хийж байхад УИХ-ын гишүүн Л.Гүндалай “МАН-ынхан хоцрогдсон байна. Бас миний патентийг зөвшөөрөлгүй ашиглаж байна. Надад мөнгө төлөх ёстой. Бас надаас сургалт авах хэрэгтэй. Би эд нар яаж тэмцдэгийг яруу тодоор зааж өгнө” гэж суултынх нь өмнө сэтгүүлчэд яриа өгч байв. Хожим энэ суултын талаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “буйдантай суулт хийхэд сайхан байсан гэж бодож байна уу. Тэрэн шиг гутамшгийг би амсаж байгаагүй” гэж дурссан байдаг. Ямартай ч “буйдантай суулт” гэдэг нэр түүхэнд үлдсэн билээ.
Тэгвэл УИХ-дахь сөрөг хүчин АН-аас анх удаа суулт зарлав. Үүнийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа санаачилсан бөгөөд ганцаараа бүтэн өдөр суусан ч нэг их газар авсангүй. Эцэстээ үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага өгсөн болоод тарлаа. Ийнхүү сөрөг хүчний анхны суулт үр дүнгүй, газар авахгүй болж дууссан нь тэднийг ирэх 4 жилд ямар сөрөг хүчин байх өнгийг харуулж байна.
С.Одонтуяагийн суултын тухайд хоёр том алдаа байна.
Нэгдүгээрт Л.Гүндалайгийн хэлдгээр хоцрогдсон технологиор суулт хийлээ. Юу хэлэх гээд байгаа нь ойлгомжгүй баахан бичиг цаасны дунд алтан ээмэг, торгон дээлтэй гоё бүсгүй торойн харагдаж ямар ч тэмцлийн үнэр харагдсангүй.
Хоёрдугаар С.Одонтуяагийн дэвшүүлж байгаа сэдэв “надель” болчихсон байв. Энэ сэдвээр энд тэнд өчнөөн суулт, тэмцэл болоод өнгөрсөн. Намын дарга С.Эрдэнээгийн хүүхэд хүртэл МАН-ын байрны гадаад очоод суулт хийчихсэн байхад энэ сэдвийг дахин зажлах ямар ч хэрэг байсангүй. Хэрвээ хөндөж тавих гэж байгаа бол шинэлэг, үр дүнтэй аргаар хөндөх ёстой байлаа.
Мөн хөндөж байгаа сэдэв нь суултын үр дүнд огт шийдэгдэхгүй. Тэртээ тэргүй УОК тусгаарлах байрныхаа ачаалал, эмч ажилтнуудынхаа хүртээмжийг харгалзан байж гадаадаас иргэдээ татаж таарна. С.Одонтуяа шаардлага хүргүүлснээр тусгаарлах байр нэмэгдэж, эмч ажилтнууд хүрэлцээтэй болчихно гэж байхгүй. Тиймээс сэдэв нь попролтоос цааш явсангүй гэж цахим сүлжээгээр бичиж, ярьж байна.