Оюун ухааны академийн тэргүүн, ой тогтоолтын багш Х.Хатанбаатарын охид харахгүйгээр рубик шоо эвлүүлж сурсан байна. Ингэснээр тэд дэлхийд 3х3х3 шоог харахгүйгээр эвлүүлсэн хамгийн бага насны хүүхдүүд болж байгаа юм байна.
Тэдний аав Х.Хатанбаатар хэдхэн өдрийн өмнө "Хоёр охин маань арай бага учир өмнө нь #харахгүйгээр Рубикийн шоо эвлүүлэх аргыг заахаас эмээж байсан юм. Шинэ он гарсан 2021.01.01-нд заахаар шийдэж бид хичээлдээ орсон. Ингээд Мишээл (8 нас) маань өчигдөр буюу 15-нд 15 дахь хоног дээрээ хольж өгсөн бүх нүдийг өөрөө бүрэн цээжлээд эвлүүлж сурлаа. Одоо хэд хоног давтахад хурд нь нэмэгдэнэ. Ивээл маань хичээлийнхээ 80 хувийг сурсан. Хэд хоногоос Ивээл маань бас эвлүүлдэг болох нь ээ. Ингэснээр Мишээл, Ивээл хоёр 3х3х3 буюу Рубикийн шоог харахгүйгээр эвлүүлсэн Дэлхийн хамгийн бага насны хүүхдүүд болж байна даа. Өмнө нь 6 настай Энэтхэг охин 2х2х2-той шоог харахгүйгээр эвлүүлж Гиннест бүртгүүлж байсан билээ" хэмээн фэйсбүүк хуудсаараа мэдээлж байв.
Тэгвэл өчигдөр "За ингээд 17 хоногийн дотор Ивээл харахгүйгээр шоогоо эвлүүлж сурлаа. Одоо хэд хоног давтахад төсөөллөө чөлөөтэй санаж эвлүүлдэг болно. Харахгүйгээр эвлүүлэхдээ 120-190 үйлдэл хийж байгаа юм. Шоог харахгүйгээр эвлүүлж буй Дэлхийн хамгийн бага насны хүүхэд боллоо доо. Одоо үүнийг Гиннест албан ёсоор баталгаажуулах л үлдлээ" хэмээн бичжээ.
Х.Хатанбаатар өмнө нь Оросын Россия-1 телевизийн “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлэгт охин Ивээлийн хамт уригдан оролцож байсан юм. Учир нь Ивээл охин гурван настайдаа тоо бодож сурсан бөгөөд бичлэг нь олон хандалт авсан зэрэг тус нэвтрүүлэгт уригдах шалгаан болсон билээ.