Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

У.ХҮРЭЛСҮХ: Төрийн өмчит компаниудын засаглалыг олон улсын жишигт хүргэх шаардлагатай

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 23 секунд

Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсэн хөгжиж, Хөрөнгийн бирж байгуулагдсаны 30 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Монголын Хөрөнгийн биржид зочиллоо.

Энэ үеэр Монголын Хөрөнгийн биржийн ажилтан албан хаагчдад болон хөрөнгийн зах зээлийн оролцогчид нийт арилжаа эрхлэгчдэд, хөрөнгө оруулагчдад хандан мэндчилгээ дэвшүүлж, хөрөнгийн зах зээлийн үүсэл хөгжлийг харуулах түүхэн үзвэрийн танхимыг нээж, арилжааны цан цохиж, хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх товч мэдээлэл сонсов.

Ерөнхий сайд хэлсэн үгэндээ “… Дэлхий дахинаараа КОВИД19 халдварт цар тахлын сорилт бэрхшээлийг даван туулж байгаа хэдий ч эдийн засгаа сэргээх урт хугацаанд олон тулгуурт дэд бүтцийг бий болгож, тогтвортой эдийн засгийн өсөлтийг хангахад хөрөнгийн зах зээлийн үүрэг чухал бөгөөд гарцаагүй болж байна. Тухайлбал Эрдэнэс таван толгой ХХК-ийн 1072 хувьцааг хөрөнгийн бирж дээр арилжаалж стратегийн ач холбогдол бүхий томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах төрийн өмчийн хувьчлалыг хөрөнгийн зах зээлээр дамжуулан хэрэгжүүлж, төрийн өмчит компаниудын засаглалыг олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатай. Тэтгэврийн тогтолцоог шинэчилж, иргэдийн тэтгэврийн хуримтлалыг хөрөнгийн зах зээлээр дамжуулан үр ашигтай удирдах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг ажлууд та бүхнийг хүлээж байна. Хөрөнгийн зах зээлийг санхүүгийн зах зээлийн тулгуур, эдийн засгийн хөдөлгөгч хүч болгоход төрийн зүгээс бодлогын болон бусад дэмжлэгийг цаашид ч тасралтгүй үзүүлсээр байх болно. Ингэснээр иргэдийн амьжиргаа дээшлэх, бизнес эрхлэгчид  хямд урт хугацааны хөрөнгө, санхүүгийн эх үүсвэр дотоодоос татан төвлөрүүлэх боломж бүрдэнэ. Түүнчлэн төрийн өмч хувьчлалын бодлогыг хөрөнгийн зах зээлээр дамжуулан ил тод нээлттэй явуулж, баялгийн шуурхай, тэгш хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлэн ажиллах ёстой юм” гэдгийг онцлон тэмдэглэв.

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжих үед өмч хувьчлалыг эхлүүлэх зорилгоор 1991 онд Монгол Улсын Засгийн газрын 22 дугаар тогтоолоор Монголын Хөрөнгийн биржийг байгуулж байсан байна. Иргэдийг хувийн өмчтэй болгож, өмч, хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах анхны ажлын хүрээнд Хөрөнгийн биржээр улсын өмчийн нийт 475 үйлдвэрийн газрыг худалдаалж, хүн амын талаас илүүг хувьцаа эзэмшигч болгосон түүхтэй аж.

Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлд хувьцаа бондын арилжаа идэвхжиж байна. Үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр төлбөр тооцооны горим, зарчмыг олон улсын жишигт нийцүүлж шинэчлэн DvP/T+2 дараа төлбөр тооцооны горимд шилжүүлээд байна. Мөн давхар бүртгэлийн систем нэвтрүүлснээр давхар бүртгэлтэй компанийн хувьцааг чөлөөтэй хөрвүүлж, арилжаалах болжээ

МАН бүлэг: Ерөнхийлөгчийн өргөн барьсан тогтоолын төсөлтэй танилцлаа
МАН бүлэг: Ерөнхийлөгчийн өргөн барьсан тогтоолын төсөлтэй танилцлаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.