Агаарын чанарын индексээс харвал 2021 оны нэгдүгээр сарын 18-ны 10:00 цагийн байдлаар баруун 4 зам орчимд 367 буюу их бохирдолтой байна. Энэ үед Зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа удаан хугацаагаар байх болон гадаа биеийн хүчний хүнд ажил хийхээс зайлсхийх, Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй хэмээн зөвлөдөг.
Түүнчлэн баруун 4 замд өнөөдөр өглөөний 09:00 цагийн байдлаар агаарын чанарын индекс 507 хүрсэн байна. Энэ нь аюултай буюу маш их бохирдолтой гэх үзүүлэлт бөгөөд "хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүх"-ийг зөвлөдөг билээ.
Өнөөдөр Улаанбаатар хотод -10 градус, салхины хурд секундэд 6 метр байна.
Энэ жил агаарын бохирдол нэмэгдэж буй шалтгааныг НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн өмнө нь тайлбарлахдаа "Агаарын бохирдол нэмэгдэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна.
Нэгдүгээрт, борлуулалтын тоо болон Цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээс үзэхэд айл өрх, аж ахуйн нэгжийн хэрэглэж буй түлшний хэмжээ өмнөх оноос 41 хувиар өссөн нь агаарын бохирдол нэмэгдэхэд нөлөөлж байна. Мөн хөл хорионы улмаас галлагаа нэмэгдсэн.
Хоёрдугаарт, байгаль орчны үзэгдэл инверс нөлөөлсөн. Тодруулбал, инверс бүрэлдэж, 700 гаруй метрийн зузаантай давхарга үүссэн.
Гуравдугаарт, өмнөх онтой харьцуулбал энэ жил агаарын хэм -5 градусаар илүү хүйтэн байна. Салхины хурд багассан, хур тунадас бага байгаа зэрэг нь агаарын бохирдол нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа. Энэ нь ЦУОШГ-аас хийсэн шинжилгээгээр батлагдсан" гэж байв.