Бямба гарагт Улсын Нэгдүгээр төв эмнэлгээс /УНТЭ/ батлагдсан коронавирусийн нэг тохиолдлыг ХӨСҮТ-рүү шилжүүлэн, хавьтлуудыг тусгаарлажээ.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "Өнгөрсөн Бямба гарагийн шөнө УНТЭ-т маш хүнд хүн очиж тусгаарлагдсан. Тухайн иргэнд тэр шөнөдөө шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар батлагдсан учраас ХӨСҮТ-рүү шилжүүлсэн. Тухайн батлагдсан тохиолдол нь Нэгдүгээр төв эмнэлгээс гадна хэд, хэдэн эмнэлгээр дамжин явж, үйлчилгээ авсан байна.
Тодруулбал, УНТЭ-т очихоосоо өмнө "Сонгдо" нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэг зэргээр үйлчлүүлсэн учир тухайн эмнэлгүүдийн ажилчдыг ялган тусгаарлах ажлыг зохион байгуулсан.
Одоогоор "Сонгдо" эмнэлгээс 6 хүнийг тусгаарлалтад авч, 30 хүнд шинжилгээ хийгээд байгаа. Мөн Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгээс 4 хүн, УНТЭ-ээс 17 хүнийг тусгаарлаад байна. Тусгаарласан иргэдээс эхний шинжилгээгээр коронавирус илрээгүй.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын 1,194 хүн ажиглалт, тусгаарлалтад байгаа бол хоёр дахь хавьтлын 2,166 хүн ажиглалтад байна" гэв.