Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ардчилсан намаас эсрэг утгатай хоёр мэдэгдэл гарчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 54 секунд

АН-ын дарга С.Эрдэнэ он гарахын өмнө гэнэт л “Би хуулийн дагуу АН-ын дарга хэвээрээ байгаа” хэмээн мэдэгдэж, өөрийн гараар УИХ-ын гишүүнд хүлээлгэн өгсөн намынхаа тамгыг улсын бүртгэлээс хасуулсан гэх баримтыг дэлгэсэн. Улмаар “Өнөөдрөөс эхлэн манай нам хуучин байрандаа үйл ажиллагаагаа явуулах болно оо” гэсэн юм. Тухайн үед УИХ-ын гишүүн Ц.Тувааны даргалж байсан АН-ынхан “Хотынхонд хониор тусалъя” гэх аян өрнүүлээд завгүй яваагаа хэлж, “С.Эрдэнэ дарга танил талаараа улсын байцаагчийн дүгнэлт гаргуулсан. Бид нар Бодь цамхагтаа байрлан үйл ажиллагаагаа явуулж байна” гэв.

Үүнээс эхлэн ард иргэд, тэр ч бүү хэл АН-ын гишүүд аль нь жинхэнэ Ардчилсан нам юм бэ гэх асуултыг нэг нэгнээсээ асууж, хоёр Ардчилсан намын буюу С.Эрдэнэ, Ц.Туваан нарын тулаан хэзээ дуусахыг хүлээж, анхааралтай “үзэж” сууна.

Тэдний тулаан Ерөнхийлөгчийн сонгууль руу чиглэж буй нь илт болоод ирлээ. Нэгэн хэвлэлд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү гэсэн асуулгад улс төрчдийн байр суурийг сонсжээ.

 

Үүнд, УИХ-ын гишүүн Ц.Туваан “Монгол Улсын Ерөнхийлөгчид өмнө нь манай намаас нэр дэвшиж Ерөнхийлөгч болсон Х.Баттулга дэвших магадлал өндөр байна” хэмээн хэлжээ.

Гэтэл С.Эрдэнэ үүнийг үгүйсгэж “Нам бус Монгол төрийн тусгай чиг үүрэгтэй тусгай хуулиар эрх хэмжээ нь хязгаарлагдаж зохицуулагдаж байдаг Ерөнхийлөгчийн албан тушаалтай хүнийг өнөөдөр шууд аль нэг намд харьяалуулж асуудлыг ярих нь хууль бус үйлдэл. Тэгээд УИХ-ын гишүүн хүн өнөөдрийн бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Ерөнхийлөгчийг “Манай намаас хамгийн ихээр нэр дэвших магадлалтай хүн” гэж ярих нь ёс зүйд хэр нийцэх вэ. Би бол үүнийг ёс зүйтэй асуудал гэж харахгүй байна. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өнөөдрийн Ерөнхийлөгч Х.Баттулга дэвшихдээ бүх гишүүдийн сунгаагаар олонхийн санал авсан. Ардчилсан нээлттэй гишүүдийн оролцоог хангасан дүрмийн заалтаас ухраад байгаа зорилго бол нэг хэсэг хүмүүсийн хуйвалдаан. Түр эрхийг намын дарга гэж ойлгоод намын дүрмээр олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлээд ажиллаж байгаа нь намын дүрмийг зөрчиж байгаа гол асуудал болоод байгаа” гэсэн байна.

Мөн намын хагарлаас үүдэлтэйгээр тамга хүчингүй болсон асуудал сөхөгдөнө. Тэгвэл өнөөдрийн "Өдрийн сонин"-ы дугаарт Ардчилсан нам гэх утга өөр хоёр мэдэгдэл гарчээ.

 

Нэг мэдэгдэлд нь, “Тус намын 1117237845 дугаартай тамга, ХНТ0800 дугаартай тэмдэг нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2020.12.24-ний өдрийн 6030 тоот дүгнэлтээр хүчингүй болж, Зууны мэдээ сонины 2020.12.22 өдрийн дугаар, Өдрийн сонины 2021.01.05-ны өдрийн дугаарт зарлагдсан болно. Ардчилсан намын албан ёсны хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Соёл амралтын хүрээлэн, Гэндэнгийн гудамж, Ардчиллын өргөө 4, 5 дугаар давхар” хэмээн бичжээ. Хаягаар үзэхэд энэхүү сонины 4/1 мэдэгдлийг С.Эрдэнэ гаргасан бололтой.

Харин нөгөөх мэдэгдэлд, дээр дурдаад буй тамга, тэмдгийг үрэгдүүлсэн тул хүчингүйд тооцуулсан зар үндэслэлгүй худал мэдээлэл болохыг Ардчилсан намаас мэдэгдэж, залруулга хийж байгааг хэлээд “АН-ын гэрчилгээ, тамга, Хэрэг эрхлэх газрын болон санхүүгийн тэмдэг тус бүр бүгд үрэгдээгүй бөгөөд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаандаа хэвийн ашиглаж байгааг үүгээр хариуцлагатай мэдэгдэж байна” гэсэн сонины 8/1 хэмжээтэй мэдэгдэл гаргажээ.

Энэхүү хоёр мэдэгдлээс С.Эрдэнэ даргын ил болгож тавьсан УБЕГ-ын Улсын байцаагчийн дүгнэлт нь “Тамга тэмдгээ үрэгдүүлсэн тул хүчингүй болгов” гэсэн утгатай болж таарлаа. Уг нь, С.Эрдэнэ дарга өөрийн гараар УИХ-ын гишүүн Ц.Тувааныг намын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилж, тамга, тэмдгээ гардуулсан зураг тань хэвлэлүүдийн ой санамжид бий... Бас одоо хүртэл УИХ-ын гишүүн Ц.Туваан хадгалсаар байгаа юм байна шүү...

Өнөөдөр Ким Жон Ун 37 нас хүрч байна
Өнөөдөр Ким Жон Ун 37 нас хүрч байна
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.