COVID-19 цар тахлын статистик мэдээллийн гол эх сурвалж болох Жон Хопкинсийн их сургууль Монгол Улсад коронавирусийн улмаас хүн нас барсан анхны тохиолдлыг бүртгэжээ.
Тодруулбал, Эрүүл мэндийн яамнаас 2020 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр мэдээлэл хийхдээ коронавирусийн халдвар авсан 76 настай иргэн нас барсныг мэдэгдсэн билээ. "Тухайн иргэн цээжний булчин сулрах, амьсгал зүрх судасны даамжирсан дутагдалтай, артерийн даралт ихтэй, чихрийн шижингийн хэв шинж хоёртой, элэгний С вирусийн архаг үрэвсэлтэй байсан бөгөөд зүрх судасны дутагдлаар нас барсан. Дагалдах онош нь коронавирусийн халдвар" хэмээн ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдэгдсэн юм.
Манай улсад одоогоор 1,175 тохиолдол батлагдаад байна. Дэлхийн орнуудаас манай улстай хамгийн ойролцоо нөхцөл байдалтай байгаа нь Зүүн Африкийн Эритрей улс байна. 5.5 сая хүн амтай тус улсад коронавирусийн халдварын 1,220 тохиолдол, нэг нас баралт бүртгэгджээ. Коронавирусийн халдварт цар тахлын улмаас дэлхий даяар нийт 1,787,283 хүн нас баржээ.