RFID систем яригдаж эхэлснээс хойш таван жилийн нүүрийг үзэж байна. Анх түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хийгдэж буй шийдэл гэх "ганган" нэршилтэй эхэлсэн ч өнөөдөр ч энэ ажил дорвитой хөдлөөгүй хэвээр. Эргэн сануулъя.
Автомашинд суурилуулах "RFID" буюу радио давтамжаар хянах системд шаардагдах зардлыг түгжрэлийг бууруулах чиглэлээр нийслэл дээр тавьж өгсөн 420 тэрбум төгрөгөөс гаргасан байдаг. Хамгийн сонирхолтой нь, "RFID"-тай холбоотой тендер зарлагдах бүрийд Бодь-Электроникс ХХК гүйцэтгэгчээр шалгарч ирсэн гэдэг нь тендерийн баримтуудаас харагдаж байх юм.
Жишээлбэл, 2023 оны гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 27-ны хооронд нийслэлээс “Автомашины цахим гэрчилгээ (RFID tag)-г суурилуулах” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарласан байдаг. Гурван тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий уг тендерт “Бодь-Электроникс” 2.97 тэрбумын саналаар ганцаараа оролцож, өрсөлдөгчгүйгээр шалгарсан байдаг.

Удаагаар нь 2023 оны зургадугаар 23-наас долдугаар сарын 31-ны хооронд Зам, тээврийн хөгжлийн яамнаас “RFID технологи нэвтрүүлэх, тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллийн санг өргөжүүлэх” тендерийг хүртэл зарлаж байжээ. 4.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий гурван багц тендерт мөн л “Бодь-Электроникс” 3.57 тэрбумын санал өгч ялалт байгуулсан. Өөрөөр хэлбэл, энэ ажил 2023 он хүртэл тендер нь үргэлжилсээр, Бодь-Электроникс нь оролцсоор л байжээ. Гэтэл 2024 онд Х.Нямбаатар "RFID-г хэрэгжүүлэх гэсэн чинь машинууддаа тавьж чадаагүй. Бүх машинуудад хүчээр ялтас тавих ажил нь явахгүй байгаа" гэх мэдээллийг өгснөөр өнгөрсөн хугацаанд хэдэн тэрбумаар нь зарцуулсан ажил ямар ч үр дүн гарахгүйгээр хоцров уу гэдэг шүүмжлэл гарсан. Нэг ёсондоо, олон жил яригдаад, "статус" нь өөрчлөгдөөгүй RFID технологийг нэвтрүүлэх гэсээр байтал 2024 онд Х.Нямбаатарын ярьж байсан хиймэл оюун ухаанаар торгууль ногдуулах систем нь нэвтэрчихлээ.

Гэтэл RFID систем сайжруулалт version 1 (Middleware, Бааз гэх мэт), API Gateway (өргөтгөл суурилуулалт) нэрээр ЗТЯ-наас 850 сая төгрөгийн тендерийг зарлажээ. Уг тендерийг 2025 оны аравдугаар сарын 3-ны өдөр зарласан бөгөөд тендерийн материалыг хүлээн авч дуусжээ. Ингэхдээ тендерт Оргил дельта трейд, Юуком групп, Ай Өү техноложи гэх гурван компаниас гадна өмнөх тендерүүдэд шалгарч байсан Бодь-Электроникс ХХК мөн адил үнийн саналаа хүргүүлж, оролцсон байх аж. Тодруулбал, дөрвөн компанийн үнийн саналаас хамгийн бага үнэ буюу 664,726,700 төгрөгийн саналыг Бодь-Электроникс ХХК дэвшүүлж, оролцжээ. Одоогоор гүйцэтгэгчийг шалгаруулсан гэх мэдээлэл байхгүй байна.
Нэг ёсондоо, нийслэл өмнө хоёр ч удаагийн тендерээр Бодь-Электроникс ХХК-д шилжсэн 6.5 тэрбум төгрөгийнхөө "ид шид"-ийг үзээгүй тул ЗТХЯ руу шилжүүлсэн. Гэтэл тэр төсөл дээр ЗТХЯ нь нэмээд сайжруулалт хийнэ гээд тендер зарлачихсан байх жишээтэй.
