Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч санаачилсан хуулийн төслүүдээ эргүүлэн татлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 10 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. 

Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан 

  • -Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2020.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • -Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2020.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • -Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2020.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хуулиудыг хэлэлцэх ёстой байсан. 

Тэгвэл Ерөнхийлөгч өөрийн санаачилсан хуулийн төслүүдээ татан авч байгаагаа хэллээ. Хууль санаачлагч нь хууль тогтоох аль ч үе шатын үед өөрийн хүсэлтээр төслөө татан авах эрхтэй байдаг. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

-Миний өргөн мэдүүлсэн Шүүхийн багц хуулийн төслийг өргөн барьсан учраас бүрэн эрхийн хүрээнд байр сууриа илэрхийлж байна. Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу шүүхийн тухай багц хуулийн төсөл хэт их улстөржсөн, төрийн уламжлалд үл зохицох байдлаар явж буйд харамсч байна. Тиймээс Шүүхийн тухай багц хуулийн төслүүдээ татаж авч байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна. Шүүхийн асуудал бол нийт иргэн, аж ахуй нэгжүүдэд хамаарах өргөн хүрээний асуудал. Тиймээс шүүхийн асуудал улс төрийн нэг нам, түүний дотор фракциудын явцуу ашиг сонирхлыг хангах бус, эрх баригчдын намын гишүүн торгуулаад өнгөрдөг, энгийн иргэн нь шоронд тарчилж байдаг зэрэг олон талын санал санаачлагатай хуулийн төсөл болсон. Жишээлбэл, нийгмийн даатгалын сангийн 340 гаруй тэрбум төгрөгийг зувшуулсан намын гишүүн торгуулж өнгөрсөн бол 50 мянган төгрөгийн хулгайн хэрэгтэй иргэн 2 жилийн авч, Ерөнхийлөгчөөс өршөөл хүсч байна. Энэ мэт хууль ёсны асуудлыг шударгаар иргэн, аж ахуй нэгжүүдэд тэгш үйлчлэх зарчмаар төсөл боловсруулсан ч эрх баригч намын хувьд Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэхгүй гэдгээ зарлаж, улстөржүүлсэн. Хууль тогтоогчид та бүхэн юм бүхний учир шалтгааныг өргөн хүрээнд харж, өнөөдөр юу өөрчлөгдөж, юу болж байгааг харах хэрэгтэйг сануулж байна. Үндсэн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулж шүүгчийн хараат бус байдлыг бий болгох бодит боломжийг бий болгосон. Тиймээс ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгчийг томилох заалтыг хасч, шүүхэд итгэх иргэний итгэлийг сэргээх шаардлагатай гэж үзэж шүүх эрх мэдлийн хариуцлагыг эрс дээшлүүлсэн бодлогыг дэвшүүлсэн. Харамсалтай нь миний өргөн барьсан Шүүхийн тухай багц хуулийн төслийг улстөржүүлж, хэлэлцэхээс татгалзав. Ерөнхийлөгчийн хувиар өмнө нь Засгийн газраас өргөн барьсан шүүхийн тухай багц хуулийн төслүүдтэй санал нийлэхгүй, шүүмжлэлтэй хандаж байгаа. Ухралт хийсэн хууль болсон гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр ганц шүүх бус ард түмний ахуй амьдралд ахиц гарч, тодорхой үр дүнд хүрэх ёстой. Хууль тогтоогчид үүнийг анхаарч, Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, нэмэлт, өөрчлөлтийн ач холбогдлыг өргөн хүрээнд дүгнэж ажиллахыг онцлон шаардаж байна. УИХ шүүхийн тухай багц хуулийн төслийг хэлэлцэхээр шийдвэрлэсэн байгаа нь хэлэлцүүлгийн явцад сайжруулна гэх итгэл үнэмшлийг огт төрүүлэхгүй байна. Миний бие Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд 2020 оны гуравдугаар сард Хууль зүйн яам, Хуульчдын холбоо, хуульчдын байр суурийг тусгасан, хуулийн төслүүдийг судалж, зарчмын зөрүүтэй асуудлуудыг судалж, ажил хэрэгч саналуудыг тусган, шийдэл бүхий хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлэх нь зөв гэж илэрхийлсэн байдаг. Гэвч Хууль зүй, дотоод хэргийн яам мэргэжлийн холбоод, мэргэжлийн хуульчдын саналыг үл тоомсорлон алдаа завхрал ихтэй хуулийн төсөл шууд өргөн мэдүүлсэн. Тиймээс оновчтой, зөв хууль гаргахын тулд хоёр хуулийг нэгтгэж, зарчмын зөрүүтэй асуудлыг сайжруулаад явна гэж бодсон боловч эрх баригч нам улстөржүүлсэн алдаагаа ухамсарласангүй.

Шуурхай: ЭМЯ-ны 11 цагийн мэдээлэл
Шуурхай: ЭМЯ-ны 11 цагийн мэдээлэл
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.