Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дархан-Уул аймагт халдварын голомтыг хумьж, тэг зогсолтыг зогсоожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 38 секунд

Дархан-Уул аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас өчигдөр /2020.11.20/ 22.30 цагт мэдээлэл хийжээ.

Тэг зогсолтыг аймгийн хэмжээнд цаг алдалгүй тогтоосноор Covid-19-ийн халдварын голомтыг хумьж чадсан тул гурав хоногийн хугацаанд зарлаад байсан дэглэмийг цуцалж буйгаа мэдэгдэв.

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал

“Дархан-Уул аймагт Covid-19-ийн анхны халдвар илэрснээс хойш өнөөдрийн байдлаар нийт батлагдсан тохиолдол 16 байна. Үүний гурав нь анхны голомтын ойрын хавьтал бол үлдсэн 13 нь төмөр зам дагасан халдвар болох нь тогтоогдсон. Төмөр зам дагуу халдвар авсан иргэдийн сүүлийн гурван тохиолдол нэгдүгээр хавьтал бөгөөд нэг гэр бүлийнх, хоёр нь бага насны хүүхэд.

Өнгөрсөн хугацаанд батлагдсан 16 тохиолдлын ойрын хавьтал 230 хүнийг зургаан ажиглах байранд тусгаарлалаа. Хамгийн сүүлд Хонгор сумын гуравдугаар баг буюу Салхит өртөөн дээр хоёр иргэнээс халдвар илэрсэн. Энэхүү голомтын нэгдүгээр хавьтлуудыг гэрийн хорионд байлгаж байгаа. Мөн бид тус суманд ажиллаж, 500 өрхийн 1600 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан. Эдгээрээс таван хүний шинжилгээний хариу эерэг гарч, хоёр хүнийх нь сөрөг гарч, үгүйсгэгдэж, гурван  хүний PCR шинжилгээний хариу хараахан гараагүй байна. Төмөр зам дагуух голомтыг тогтоох ажил үргэлжилж байна.

Дархан хотод 1088 төмөр замын ажилчид бий. Эдгээрийг бүрэн шинжилгээнд хамруулж, шинээр найман тохиолдол нэмж, бүртгэгдсэн. Мөн энэ 1088 ажилтантай холбоотой 3700 орчим ар гэрийнхэн байгаа. Өчигдрөөс эхлэн эдгээр иргэдийг шинжилгээнд бүрэн хамруулахаар ажиллаж байна. Энэ ажлын үр дүнгээр эхний байдлаар шинээр гурван тохиолдол илрүүлсэн.

Шарын голд 49, Хонгорт 18, Орхонд 43 хэсэгт төмөр замын ажилчдаас шинжилгээ авч, бүгд сөрөг гарсан. Үүнтэй уялдуулан төрийн албан хаагчдаас шинжилгээ авахад бас сөрөг гарсан. Өнгөрсөн 96 цагийн хугацаанд Дархан-Уул аймгийн иргэд хатуу хөл хорионд байсан. Аймгийн хэмжээнд зарлаад байсан тэг зогсолтын 72 цагийн ажлын үр дүнд халдварын голомтыг хумьж чадлаа. Иймд арваннэгдүгээр сарын 21-ний өглөөний 06.00 цагаас эхлэн Улсын онцгой комиссоос тогтоосон арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэлх бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байна. Аймгийн хэмжээнд тэг зогсолтын үйл ажиллагааг бүрэн зогссоныг мэдэгдье” гэлээ.
Тэг зогсолтыг өнөөдөр өглөөний 06.00 цагт цуцална. Гэсэн хэдий ч бүх нийтийн хөл хорио арванхоёрдугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ.

Дархан-Уул аймгийн Онцгой комисс дараах шийдвэрүүдийг гаргалаа.

  • 18 хүртэлх насны хүүхэд нийгмийн харилцаанд огт оролцохгүй.
  • Үйл ажиллагаа явуулах аж ахуй нэгж байгууллагууд ажилтнууддаа 100 хувь шинжилгээнд хамруулж, ажлын байрандаа ариутгал халдваргүйжүүлэлт тогтмол хийнэ.
  • Дотуур байранд байгаа оюутнууд арванхоёрдугаар сарын 1-н хүртэл байрандаа тусгаарлагдсан хэвээр байна. Аймаг орон нутгаас хүнсний хангамжийг шийдвэрлэнэ.
  • Сум хооронд хөдөлгөөн хийхгүй. Сумд руу орох гарах хөдөлгөөн хаалттай хэвээр байна.
  • Дархан хотыг дөрвөн үндсэн блокт хувааж хязгаарлана. Бусад блок руу зорчих хөдөлгөөн хийхгүй. Зөвхөн өөрийн оршин сууж буй бүсдээ нийгмийн харилцаанд орно. Халдвар ахиад гарвал блок тус бүрээр тэг зогсолт хийнэ.
  • Хүнсний дэлгүүрүүд, томоохон худалдааны төвүүд 11.00-18.00 цаг хүртэл ажиллана. Хүнсний дэлгүүрийн худалдагчид бүгд шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Мөн өдөр бүр ариутгал хийж дэлгүүрт 2-3 хүн ажиллана. Нэг хүн нь гадна зогсч хүн хоорондын зайг 1.5 метр байлгана. Ингэж ажиллаж чадахгүй дэлгүүрийг ажиллуулахгүй.
  • Зорилтот бүлэгт таван өдрийн хоол хүнс олгоно.
  • Эмийн сангуудаас захиалгаар эм авна.
  • Хүнсний үйлдвэрүүдийн бүх ажилчид шинжилгээнд хамрагдсаны дараа үйл ажиллагаа явуулна гэх мэт шийдвэрүүдийг гаргалаа.
Төмөр замын 11400 ажилтныг шинжилгээнд хамруулаад байна
Төмөр замын 11400 ажилтныг шинжилгээнд хамруулаад байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.