Коронавирусийн халдвар дэлхийн 218 улс, газар нутгийг хамарсан. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхий даяар 620,000 хүн шинээр халдвар авсан нь анх цар тахал гарснаас хойших нэг өдрийн халдвар хамгийн өндөр түвшинд хүрсэн үзүүлэлтэд тооцогдож байна.
ЭМЯ-ны Урьдчилсан сэргийлэх, Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл коронавирусний эрсдэл улам бүр өндөр болж байгааг хэлээд, дэлхийн хэмжээнд 218 улсад 56.6 сая хүн коронавирусээр халдварласан тухай мэдээллээ.
Харин Монгол Улсын тухайд өчигдрийн 17:00 цагаас хойш батлагдсан тохиолдол 21-ээр нэмэгдэж, нийт халдварын тоо 578 болсон байна. Ингэхдээ Улаанбаатар хотод зургаа, Сэлэнгэ аймагт тав, Орхон аймагт дөрөв, Дорноговь аймагт зургаан халдвар тус бүр нэмж бүртгэгджээ.
Манай улс коронавирусний эрсдэлээс сэргийлэхээр ажиллаж байгаа бөгөөд ЗӨСҮТ хоёр баг ариутгал хийж байгаа юм. Коронавирусний эрсдэлээс сэргийлэх зөвлөгөө, зөвлөмж өгөх ЭМЯ-ны 3 тусгай дугаарт өнгөрсөн 24 цагт 3228 иргэн хандаж, зөвлөгөө авжээ.
Хэвлэлийн хурлын дараа ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Манай улсын хувьд коронавирусээр халдварласан 337 хүн эдгэрсэн. Коронавируст халдвартай хүмүүст ямар эмчилгээ хийж байгаа вэ?
-Коронавирусний зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлоос эхлэн Олон улсын жишгээр ДЭМБ-ын зөвлөмжөөр эмчилгээний удирдамжийн дагуу эмчилгээг хийж байгаа. Эмчилгээний үр дүн гарч эхэлсэн. Коронавирусээр батлагдсан тохиолдлыг эхний үед вирусний эсрэг эмчилгээ хийнэ. Вирусийн эсрэг аргетол, аваген, ланевел, ремдезивир зэрэг дөрвөн төрлийн эмийг өвчнийх нь явц, эмнэл зүйн байдлаас шалтгаалан хэрэглэж байгаа. Түүнээс гадна дархлаа дэмжих эмчилгээг хийж байна. Хүндэрсэн, уушгиндаа хатгаатай, нэвчистэй бол антибиотик эмчилгээг хэрэглэж байгаа.
-ЭМЯ-ны мэдээллээр халдвартай хүмүүсийн тухай тоон мэдээлэл нь зөрөөтэй явж байна. Нэгтгээд системтэй өгч болох уу?
-Өдөрт гурван удаа мэдээлэл шинэчлэгдэж өссөн дүнгээр явж байгаа. Өглөө 10.00 цаг гэхэд Нийслэлийн Шуурхай штаб, УОК, ЭМЯ-нд мэдээлэл явж байгаа. Дараа нь 10.00-15.00 цагийн хооронд шинээр илэрсэн тохиолдлыг 17.00 цагт мэлээлж байгаа. Дараагийн өдөр нь 17.00 цагаас хойш илэрсэн тохиолдлыг мэдээлж байгаа. Энэ тоон дотор хүмүүс төөрөлдөж магадгүй. Эцсийн нэгдсэн дүнг хамруулан ЭМЯ-ны 11.00 цагт мэдээлж байна.