ХЭҮК-оос олон улсын гэрээ, конвенцод заасан хэвлэн нийтлэх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хэрэгжилттэй холбогдуулан мэдээлэл хийлээ. Цагдаагийн байгууллагаас “мөрийтэй тоглоомыг цахим орчинд хууль бусаар зохион байгуулсан гэх хэрэгт Ноорог Креатив студио" ХХК-ийн найман хүнийг шалгаж буй.
Тодруулбал, "Ноорог Креатив студио" ХХК-д холбогдох ХЭҮК-ын дүгнэлтийг Комиссын гишүүн Г.Нарантуяа танилцуулав. Тэрбээр:
-Эрүүгийн цагдаагийн албаны кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас "Ноорог Креатив студио" ХХК-ийн найман хүнийг гуравдугаар сарын 17-18-нд шилжих шөнө хойшлуулшгүйгээр баривчилж ажлын байран дээр нь нэгжлэг хийж цахим төхөөрөмжүүдийг хураан авч тэдний халдашгүй чөлөөтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зөрчсөн байж болзошгүй гэх мэдээлэл нийтлэгдсэн. Комисс уг асуудлыг шалгасан. Хэрэгт холбогдох хүмүүсээс мэдээлэл авч гуравдугаар сарын 18-21-ний өдрүүдэд цагдаагийн болон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудын олон нийтэд өгсөн бүх мэдээлэлд он цагийн дараалалтай дүн шинжилгээ хийсэн. Тодруулбал,
- УЕПГ, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эсэх,
- Прокурорын зөвшөөрөлтэй эсэх,
- Хэний гомдлоор шалгаж байгаа,
- Эрүүгийн хэрэг үүсгэсэн эсэх,
- Таслан сэргийлэх ажиллагаа авагдсан эсэх,
- Хурааж авсан эд зүйлсийн жагсаалт, гар утас, компьютер, хард дискийг хураахдаа үзлэг хийх зөвшөөрөлтэй байсан эсэх,
- Дээрх найман хүн өмгөөлөгчтэй байсан эсэх зэрэг асуудлын хүрээнд тайлбар авах албан хүсэлт явуулсан. Үүний дагуу бичгээр тайлбар авсан. Мөн цагдаагийн албан хаагчидтай биечлэн уулзаж дараах дүгнэлтийг гаргалаа.
"Ноорог Креатив студио" ХХК-ийн найман хүнийг халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн, мөрдөгч сэжигтнийг баривчлах үед ямар хэрэгт шалгаж байгаа талаар мэдэгдээгүй, хойшлуулшгүй ажиллагаа явуулах үндэслэл ойлгомжгүй, 8 ажилтныг шалгахдаа зөрүүтэй мэдээлэл өгсөн, үзэл бодол чөлөөтэй илэрхийлэх эрхийг хаасан гэж үзлээ.
Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээлэл нь хэрэгт холбогдсон хүмүүсийн тайлбар, бусад холбогдох баримтуудаас зөрүүтэй байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!